Таван улс Израилын хоёр сайдад хориг арга хэмжээ авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-06-11 12:14:40

БЕРЛИН, 2025 оны зургаадугаар сарын 11 /DW/. Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Норвеги гэсэн таван улс Израилын Сангийн сайд Бецалель Смотрич, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир нарт хориг арга хэмжээ авсан тухай дэлхийн мэдээллийн агентлагууд мягмар гарагт мэдээлжээ. Хориг арга хэмжээ авах болсон шалтгаан нь тэд "Иордан голын Баруун эрэгт палестинчуудын эсрэг хүчирхийллийг өдөөн турхирч байгаатай холбоотой" байна. 


“Бид хоёр улс зэрэгцэн орших шийдлийг тууштай дэмжинэ. Энэ бол израилчууд болон палестинчуудын аюулгүй байдал, нэр төрийг хамгаалах, бүс нутгийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах цорын ганц арга зам мөн. Гэвч суурьшигчдын зүгээс үйлдэгдэж буй туйлширсан хүчирхийлэл, суурьшлын бүсийг тэлж байгаа нь энэхүү шийдлийг аюулд оруулж байна” гэж Их Британийн Гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд дурджээ. 


"Итамар Бен-Гвир, Бецалель Смотрич нар палестинчуудын эсрэг хүчирхийлэлд уриалж, хүний эрхийн ноцтой зөрчилд хүргэсэн үйлдлүүдийг өдөөсөн. Палестинчуудыг хүчээр нүүлгэн шилжүүлэхийг, мөн израилчуудын шинэ суурингуудыг байгуулахыг ухуулсан туйлширсан үг яриа нь аймшигтай бөгөөд аюултай. Ийм үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй" хэмээн мэдэгдэлд онцолжээ.


Мөн Израилын Засгийн газарт хандан "олон улсын хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, туйлширсан, хүчирхийлэлд өдөөн турхирсан, экспансионист үйлдлүүдийг таслан зогсоохын тулд дорвитой арга хэмжээ авахыг" уриалсан байна.

相关新闻