АРХАНГАЙ: Гал унтраах техник спортын бүсийн аваргаар Дархан-Уул аймгийн баг шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-06-10 14:57:01

Эрдэнэбулган, 2025 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Архангай аймагт гал унтраах техник спортын “Алтан гадас” клубийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 3, 4-ний өдрүүэд зохион байгууллаа.


Энэ тэмцээн нь алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, иргэд олон нийтэд сурталчлан таниулах, гал унтраах техник спортоор хичээллэх алба хаагчдын тоог нэмэгдүүлэх, тив дэлхийн уралдаан тэмцээнд багш, дасгалжуулагч, тамирчдыг сонгон шалгаруулах гэсэн зорилгын хүрээнд зохион байгуулдгийг Орхон аймгийн ОБГ-ын дарга бөгөөд “Алтан гадас” клубын тэргүүн, хурандаа Ш.Баасандорж хэллээ.  


Энэ тэмцээнд хойд бүсийн Архангай, Орхон, Булган, Дархан, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл гэсэн 7 аймгийн 9 багийн 110 гаруй тамирчин аврагчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаар өрсөлдсөн байна.


Довтолгооны шат төрлийн 1-р байрт Хөвсгөл аймгийн тамирчин, спортын мастер Х.Чүлтэм, саадтай 100 метр төрлийн 1-р байрт Дархан-Уул аймгийн тамирчин, ОУХМ С.Төрбат, 4х100 метрийн буухиа уралдааны төрөлд Сэлэнгэ аймгийн баг түрүүлсэн бол гал унтраах тархалтын төрөлд 1-р байрт Орхон-1 баг тус тус шалгарч багийн нэгдсэн дүнгээр Дархан-Уул аймгийн баг тамирчид тэргүүн байрт орлоо.

 

Архангай аймагт энэ тэмцээнийг өмнө хэд хэдэн удаа зохиож байсан ба 2017 оноос хойш зохион байгуулаагүй, энэ жил ийнхүү хийж байгаа юм.


相关新闻