ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 35.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх "Бүтээлч Хөвсгөлийнхөн" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Мөрөн суманд 35.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажлууд хийхээр нээлтээ хийлээ.
Тодруулбал, энэ онд Мөрөн суманд 15.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 6 байршилд 10.5 км хатуу хучилттай авто зам шинээр тавихаар ажлаа эхлүүллээ.
Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд 2400 өрхийн янданг буулгаж, төвлөрсөн дулаанд холбох, 5.5 км нийтийн эзэмшлийн талбайд 5500 мод тарьж, ургуулах ажлууд эхэлсэн гэдгийг Засаг дарга Л.Төмөрбаатар хэллээ.
Мөрөн суманд 2025 онд хийх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудын нээлтэд аймаг, сумын удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцлоо.