Зарим газарт зам хааж, шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-09 12:24:46

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Нийслэлийн  хэмжээнд авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд буй. 


Энэ ажлын хүрээнд дараах чиглэлд авто замын засварын ажлыг хийхээр  төлөвлөөд байна. Үүнд, Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрладаг Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх авто замын засвар, шинэчлэлтийн хүрээнд Гүнтийн постоос урагш хоёр км замыг хаана. Энэ сарын 10-ны 22:00 цагаас хааж, зургаадугаар сарын 15-ны 06:00 цагийн хооронд нээх бөгөөд цементээр бэхжүүлсэн суурь болон авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх аж.  


Мөн Сонгинохайрхан дүүрэг, 4-р хороонд байрладаг Их нарангийн гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх авто замыг хаана. Энэ сарын 10-ны 22:00 цагаас хааж, зургаадугаар сарын 16-ны 06:00 цагийн хооронд нээх бөгөөд авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.


Харин Баянгол дүүрэг, 16-р хороонд байрладаг Чингэлтэй дүүрэг 2-р хорооны нутаг дэвсгэр, Их тойруу гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хаана. Энэ сарын 8-ны 22:00 цагаас зургаадугаар сарын 11-ны 06:00 цагт нээх юм. Энэ хооронд авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.


Сүхбаатар дүүргийн 15,17-р хорооны нутаг дэвсгэр, Шадивлан зуслангийн авто замаас Дамбадаржаа хүртэлх авто замын засвар шинэчлэлтийн ажил 58 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Энэ  сарын 7-ны өдөр 01:00 цагаас хааж, зургаадугаар сарын 12-ны өдөр 06:00 цагт нээх аж. Энэ хооронд авто замын зорчих хэсгийн суурийн бүтээцийг хүчитгэх, асфальтбетон хучилтын ажлыг хийх ажээ.


Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг 1-р хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Цэцэг төвийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл хаана. Энэ сарын 11-ний 22:00 цагаас хааж, зургаадугаар сарын 12-ны өдөр 22:00 цагт нээх бөгөөд авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх аж.


Мөн Чингисийн өргөн чөлөө, “Лавай” худалдааны төвийн уулзвараас “Алтаргана” хотхоны уулзвар хүртэлх авто замыг хаана.  Энэ сарын 10-ны өдөр 00:00 цагаас хааж, зургаадугаар сарын 13-ны 06:00 цагт нээх бөгөөд авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ. 


Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв. 




相关新闻