ДАШТ-ий урьдчилсан шат: Италийн баг бут ниргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ОСЛО, 2025 оны зургаадугаар сарын 7 /RIA Novosti/. АНУ, Канад, Мексикт болох 2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ урьдчилсан шатны гуравдугаар тойргийн тоглолтод Норвегийн шигшээ баг Италийн багийг бут ниргэжээ.
Нэгдүгээр хэсгийн тоглолт Осло хотод болж, талбайн эзэд 3:0-ээр хожсон байна. Гоолуудыг Александер Сёрлот (14 дэх минут), Антонио Нуса (34), Эрлинг Холанд (42) нар оруулжээ.
Италийн шигшээ баг түүхэндээ анх удаагаа ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын эхний хагаст хоёроос дээш гоол алдлаа.
Хэсгийн өөр нэг тоглолтод Израилын шигшээ баг Эстонийн багийг талбайд нь 3:1-ээр хожжээ.
Норвегийн баг I хэсгийг гурван хожилтойгоор (9 оноо) тэргүүлж байна. Израилын шигшээ 6 оноотойгоор хоёрдугаарт бичигдэж байгаа бол Эстонийн баг 3 оноотойгоор гуравдугаарт орж байна. Италийн шигшээ баг урьдчилсан шатны анхны тоглолтоо хийж, оноогүй (0) дөрөвдүгээр байр эзэлж байгаа бол Молдова улсын баг мөн оноогүй (0) сүүл мушгиж байна.
Ирэх даваа гарагт буюу зургаадугаар сарын 9-нд Италийн шигшээ баг Молдовагийн багийг талбайдаа хүлээн авна. Харин Норвегийн баг эстоничуудтай талбайд нь зочлон тоглох юм.