Герман дахь дүрвэгсдийн тоо 3.5 саяас давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-28 16:18:19

БЕРЛИН, 2025 оны тавдугаар сарын 28 /DW/. Герман улсад оршин сууж буй дүрвэгсдийн тоо түүхэн дээд хэмжээнд буюу 3 сая 550 мянгад хүрсэн байна. Бундестаг дахь Зүүний намын бүлгээс тавьсан асуулгад Холбооны засгийн газраас өгсөн хариултад энэ тоог дурджээ.


Энэ бол 2024 онд бүртгэгдсэн дүрвэгч цагаачдын тоо бөгөөд 2023 онд 3 сая 420 мянган дүрвэгчид Германд амьдарч байв. Тэднээс 1,2 сая орчим хүн Украинаас ирсэн бөгөөд 710 мянга нь Дүрвэгсдийн тухай Женевийн конвенцийн дагуу дүрвэгчийн статустай байгаа бол 43 мянга нь орогнох эрхтэй хүмүүс ажээ. Өнгөрсөн онд Германд 124 мянган дүрвэгч ирснээс 108 мянга нь украинчууд байв.


Одоогийн байдлаар тус улсаас гарч явах ёстой 200 мянган хүн байгаа боловч тэдний 178 мянга нь түр оршин суух нөхцөлийн дагуу Германд байсаар байна.


Өнөөдөр буюу 28-нд Герман дахь цагаачлалын нөхцөл байдалд шууд нөлөөлөх хоёр хуулийн төслийг Бундестаг хэлэлцэнэ. Эхний хуулиар дүрвэгсэд “интеграцийн онцгой нөхцөл”-ийн үед гурван жилийн дотор иргэншил авах боломжгүй болно. Харин Христийн Ардчилсан холбоо/Христийн Нийгмийн холбоо намууд ба Социал-Демократ намын эвслийн засгийн газраас таван жилийн дотор иргэншил авах боломжийг хуульд хэвээр үлдээж байгаа ажээ.  


Хэлэлцэж буй хоёр дахь хуулиар бол, хязгаарлагдмал статустай дүрвэгсэд хоёр жилийн хугацаанд гэр бүлийн гишүүдээ Германд авчрахыг хориглоно. Гэхдээ онцгой цөөн тохиолдолд үүнийг зөвшөөрөх ажээ.


Дотоод хэргийн сайд А.Добриндт энэ бүхнийг тайлбарлахдаа “Германд ирэхээр тэмүүлэхэд хүргэж буй хүчин зүйлүүдийг бид цөөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр тус улсын цагаачлалын бодлого өөрчлөгдсөн гэдгийг илтгэн харуулна” гэлээ. 

相关新闻