СҮХБААТАР: "Тэнгэр ээж минь өршөө" дууны хөшөөг заллаа

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-05-26 15:37:03

Баруун-Урт, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн үг, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Батсайханы ая "Тэнгэр ээж минь өршөө" дуун суваргыг МУАЖ Ш.Чимэдцэеэгийн төрсөн нутаг болох Уулбаян сумын Хоолойн бууц хэмээх газарт заллаа.


"Би төрсөн нутгаа маш ихээр хүндэтгэн дээдэлж, хайрлаж биширч явдаг хүн. Магадгүй миний өнөөдрийн энэ амьдралын түүхэн замнал, энэ их авьяас билэг төрсөн нутгийн минь уул ус, авшигтай салшгүй холбоотой байх гэж би боддог. Нутаг минь намайг үргэлж ивээж, түшдэг гэдэгт би бат итгэдэг. Тийм ч учраас нутгаа баясгаж, намайг төрүүлсэн ижийнхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлэх юмсан гэж олон сар, жил бодож, хүсэж ирсэн. Энэ мөрөөдлөө сая л бодит болгож байгаадаа баяртай байна" хэмээн Ш.Чимэдцэеэ нээлтийн үгэндээ онцоллоо.


Хөшөөний нээлтэд аймаг, сумын удирдлагууд болон нутгийн иргэд, газар газраас ирсэн уртын дуучид оролцсоны зэрэгцээ Увертюра хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж, МУАЖ Ш.Чимэдцэеэтэй хамтран "Тэнгэр ээж минь өршөө" дууг дуулсан нь хурсан олон төдийгүй нутгийн уул усыг баясгасан үйл явдал боллоо.