Цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-23 15:58:15

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Цаг уурын салбарын хамтын ажиллагааны 11 дүгээр протоколын албан ёсны уулзалт БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 20-нд  болов.


Уулзалтын үеэр хоёр тал 2023-2025 оны хамтын ажиллагааг хамарсан 10 дугаар протоколын хэрэгжилт, үр дүнг дүгнэж, шинээр 2025-2027 онд хэрэгжүүлэх 11 дүгээр протоколын хүрээнд хийх үйл ажиллагааны чиглэл, хамтын ажиллагааны шинэ зорилтуудыг тодорхойлжээ.

Хамтын ажиллагааны хүрээнд шар шороон шуурганы мониторинг, ADAM3 загварын шинэчлэл, хөгжүүлэлт, цаг агаарын урт хугацааны прогнозын нарийвчлал, чанарыг нэмэгдүүлэх, цаг уурын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлагажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэг гол чиглэлийг онцлон хэрэгжүүлнэ. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын улмаас цаг агаарын аюулт, гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, ган гачиг, усны хомсдол зэрэг сөрөг нөлөөллүүд эрчимжиж буй энэ цаг үед дээрх чиглэлүүд нь Монгол Улсын хувьд онцгой ач холбогдолтой юм.


Мөн энэ удаагийн протоколд цаг агаарт зориудаар нөлөөлөх технологи, түүний үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох шинэ зорилт тусгажээ. Үүний хүрээнд Солонгосын цаг уурын газартай хамтран цаг агаарын тоон прогнозын динамик загварыг Монголд нутагшуулах ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэхүү загварыг ашигласнаар цаг агаарт зориудаар нөлөөлсний дүнд хур тунадас хэрхэн нэмэгдэж буйг нарийн тооцох, үнэлэх боломж бүрдэх юм.


Энэхүү уулзалтад Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулгаар ахлуулсан төлөөлөгчид, БНСУ-ын Цаг уурын газрын дарга доктор Чанг Ён Донг тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

 

 

相关新闻