ШУА-ийн Ерөнхийлөгчийг батламжлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат академич Дүгэрийн Рэгдэлийг ШУА-ийн Ерөнхийлөгчөөр батламжилсныг БСШУС-ын сайд Ж.Батсуурь өнөөдөр гардуулан өглөө.
ШУА-ийн ээлжит Их чуулган 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, академийн гишүүдийн олонхийн саналаар ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Тэрбээр 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1976 онд ЗХУ-ын Харьковын их сургуулийг биохимич мэргэжлээр төгсөж, 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг тус тус хамгаалжээ. Улмаар 2002 онд Монгол Улсын ШУА-ийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрбээр ШУА-ийн Хими болон Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Хими, хими технологийн хүрээлэнд лабораторийн эрхлэгч, эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2001-2009 онд ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009 оноос ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан юм.
Академич Д.Рэгдэл 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртсэн байна.
Ж.Болор