ЗАВХАН: 1000 орчим км замыг тав тухтай туулах боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-16 15:32:18

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Завхан аймаг руу VIP автобус хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхэлнэ.


Монгол Улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтаж, иргэдэд ая тухтай, хүртээмжтэй үйлчилгээг хүргэх, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сайжруулах зорилготой шинэ үйлчилгээг үзүүлэх гэж байна.

 

Завхан аймгийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Гранд автобус” ХХК-иас 28 хүний суудалтай, хагас унтлагын VIP автобусыг үйлчилгээнд явуулна. Энэ автобусаар Улаанбаатар хотоос Завхан аймгийн Улиастай сум чиглэлд, Улиастайгаас Улаанбаатар хот руу зорчих боломжтой юм.


VIP автобусны онцлог нь суудал 45 градус налах түшлэгтэй, хөл амраагчтай, зорчигч бүрийн суудал дээр дулаан хөнжилтэй. Мөн суудал бүрд гар утасны цэцэглэгчтэй төдийгүй 24 цагийн сүлжээ буюу starlink сансрын интернэттэй юм.


Зорчигчдод үнэ төлбөргүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчлэх зэрэг олон давуу талтай. Хот хоорондын зорчигч тээврийн VIP үйлчилгээг энэ сарын 19-ний өдрөөс эхлэх бөгөөд долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан, ням гарагт 12.00 цагаас Улаанбаатар хот болон Завханы Улиастай сумаас зэрэг хөдөлнө.


Үйлчилгээний хөлс нь нэг талын зорчих тасалбарын үнэ том хүн 136 мянга, хүүхэд 68 мянган төгрөг байна.


Ажлын шугамаар болон аялал зугаалгаар явах гэж байгаа иргэдэд Улаанбаатар хот болон Улиастайгаас 1000 орчим км замыг тав тухтай туулах боломжийг олгож байна. Зорчигч та бүхэн аюулгүй, тав тухтай, баталгаатай хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сонгон үйлчлүүлээрэй гэж Завхан Автотээврийн төвөөс мэдээлэв.


Ташрамд, Завхан Автотээврийн төв нь жилд дунджаар 35.4 мянган зорчигчид үйлчлэх авто вокзал, 9.7 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг хийх боломжтой. Өнөөдрийн байдлаар хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг өдөрт хоёр шугам буюу 45 хүний суудалтай нийт 60 орчим автобусаар үзүүлж байна. 


相关新闻