ЗАВХАН: Малын ноос бол амьд түүхий эд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгаль, эдийн засгийн сорилтуудад малчин эмэгтэйчүүд дасан зохицож, малын гаралтай түүхий эдийг бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргаж байгаа жишээ бол Улиастай сумын “Жин жинст” хоршооны эмэгтэйчүүд юм. Тэд эсгийгээр хийж болох бүхий л төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг зорьж байна.
Эсгий үйлдвэрлэл гэхээр л гэрийн эсгий шаахай л санаанд буудаг. Тэгвэл “Жин жинст” хоршооны үүсгэн байгуулагч Улиастай сумын иргэн С.Лхагвасүрэн эсгийгээр гоёлын малгай урлахыг малчин эмэгтэйчүүдэд зааж өгч, хамтран хоршоо байгуулж эсгий малгайг эсгий гуталтай хослуулан өмсөх трэнд бий болгожээ.
"Жин жинст" хоршооны эмэгтэйчүүдийн урладаг бүтээгдэхүүний онцлог, түүхийг сурвалжилж хоршоог үүсгэн байгуулагч С.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
-Ноосоор хүний хэрэгцээний бүхий л зүйлсийг хийж болно гэж та хэллээ?
-Тэгэлгүй яах вэ. Хонь, тэмээний ноос бол монголчуудын гутал, хувцасны гол түүхий эд байсан. Одоо ч хэвээр байгаа. Анх 2017 онд гэртээ хүүхдээ хардаг байсан үед аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан эсгий урлалын сургалтад сууснаар эсгий урлалыг хобби, ажлаа болгож компани байгуулан нэг хэсэг ажилласан. Сүүлийн гурван жил малчин эмэгтэйчүүдтэй хамтран “Жин жинст” хоршоог үүсгэн байгуулж амжилттай ажиллаж байна.
Манайх одоогоор 6-7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бүх бүтээгдэхүүнээ гар аргаар хийж байгаа. Эсгий шаахай, гутал, оймс, бэлэг дурсгалын зүйлс, малгай, олбог, ширмэл ширдэг, цүнх гээд ихэнхийг нь захиалгаар урлаж байна.
Дөрвөн улирал өмсөх малгайг ч ноосоор урлаж байна. Ноосоор орчин үеийн хэв загвараа өөрсдөө гаргаад, малгай, гутал, шаахайг урлаж эхлэхэд үйлчлүүлэгчид их сонирхож хэрэглэж эхэлсэн. Бид цех дээрээ дөрвүүлээ ажиллаж байна. Хоршооны хоёр эмэгтэй маань малчин эмэгтэйчүүд. Тэд аймгийн төв, Улиастай суманд сургуулийн хүүхдээ харангаа, цех дээрээ болон гэрээрээ ажилладаг. Захиалгаа аваад, тухайн хүнийхээ хэмжээ, загварт нь тохируулж шаахай, малгайныхаа загвар эсгүүрийг би өөрөө гаргаад бусад нь урладаг. Бүтээгдэхүүнээ дамжлагаар үйлдвэрлэж байна. Улирлын чанартай малгай, шаахай, эсгий оймс, бэлэг дурсгалын зүйлс захиалга ихтэй байдаг. Ер нь захиалга тасардаггүй юм. Тийм ч учраас цехийн бүсгүйчүүд маань урамтай үйлдвэрлэлээ хийж байна.

2025 онд хоршоо дэмжих сангаас 40 сая төгрөгийн дэмжлэг авч үйл ажиллагаагаа өргөтгөснөөр
бүтээгдэхүүний чанар хүртээмж сайжирсан.
Мөн хоршооны
гишүүн болж үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой эмэгтэйчүүдийн тоо ч нэмэгдэж байна.
Бид дотоодын үйлдвэрийн боловсруулсан ноосоор ихэнх бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж
байна. Зарим тохиолдолд малчдаас авсан ноосыг гар аргаар боловсруулж ноосон
оймсоо гар аргаар сэмлэж хийдэг юм. Тухайлбал монгол гутлын оймс, уурхайн
ажилчдын гутлын ноосон оймсыг энэ мэтчлэн гар аргаар хийж байна.
-Таны урладаг
бүтээгдэхүүнүүдээс эсгий малгайг онцолж ярья?
-Хонины ноосыг гар аргаар боловсруулаад, эцсийн бүтээгдэхүүн болгож худалдаанд гаргаад байгаа гол бүтээгдэхүүний нэг бол эсгий малгай юм. Бид монгол хонины ноосоор хийсэн бүрх малгайг яагаад өдөр тутамдаа болон гангараанд хэрэглэж, өмсөж болохгүй гэж. Зах зээлд хятадаас болон орос, америкаас ямар түүхий эдээр хийснийг нь сайн мэдэхгүйгээр, хэдэн зуун мянгаар үнэлэгдэх малгайг оруулж ирж, хэрэглэж байна. Тиймээс дотоодын үйлдвэрлэгчдийн, малын ноосоор хийсэн малгайг яагаад худалдан авч болохгүй гэж. Өнөөдрийн байдлаар нийт 1600 орчим малгайг захиалагчдад урлаж өгсөн байна.
Хонины ноосоор хийсэн малгайгаа
илүү олон хэрэглэгчдэд хүргэх, олон эмэгтэйг эсгий урлалд дурлуулах, сургах
зорилгоор миний бие Орхон,
Улаанбаатар хотод 2023-2024 онд түр хугацаагаар суурьшиж, онлайнаар болон танхимаар эсгий урлалыг заасан
түүхтэй. Сургалтуудаа нэг их үнэтэй
биш боломжийн үнээр сонирхсон, холбогдсон хүмүүст хийдэг. Ялангуяа гэртээ
хүүхдээ хараад суудаг, малчин, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд үнэ төлбөргүйгээр зааж
өгдөг. Гарын 130 гаруй шавьтай болсон байна. Миний шавь нараас өөрийн цех, өрхийн үйлдвэрлэлийг
эхлүүлсэн, амжилттай ажиллаж байгаа олон эмэгтэй бий.
-Эсгий малгайны
давуу тал нь юу юм бол? Учир нь зах зээлд маш олон төрлийн малгай худалддаг
шүү дээ?
-Бүтээгдэхүүний давуу талыг ярихаас урьтаж түүхий эдийн онцлогийг ярих нь зүйтэй байх. Учир нь хонины ноос хүний биед олон талын ач тустай түүхий эд болохыг монголчуудын уламжлалт хэрэглээний түүх, эрдэмтдийн судалгаанд өгүүлсэн байдаг. Энэхүү судалгаагаар хонины ноосны бусдаас давуу шинж чанар нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн, хүний биеэс ялгарах хөлс, чийг, үнэр, хорыг өөртөө шингээж гадагшлуулдаг. Галд тэсвэртэй, цахилгаанждаггүй гэх мэт хүний эрүүл мэндэд ач тустай 15 шинж чанар байдгийг эрдэмтэд тогтоосон байна.
Эсгий бол монголчуудын хувцас хэрэглээний гол түүхий эд байсан. Тиймээс анх цехээ байгуулж эхлээд монгол хонины ноосыг уламжлалт технологи, гар аргаар боловсруулаад малгай хийж эхэлсэн. Харин одоо боловсруулсан хонины ноосоор малгай урлаж байна.
-Боловсруулсан
хонины ноос гэхээр, үйлдвэрийн аргаар боловсруулсан ноос гэсэн үг үү?
-Малчдын гар
дээрээс авч буй ноос, өөрөөр хэлбэл, хяргасан ноосонд өвс ургамал, элс шороо,
будаг тосны бохирдолт ихтэй байдаг тул ноосыг өнгө зэрэг, төрөл чанараар нь
ялган, хог, өтөг бууц, хагийг нь унаган, ноосонд наалдсан нарийн хог шороо,
зунгагийг угаан, ангилан ялгаж анхан шатны боловсруулалт хийхийг боловсруулсан
ноос гээд байгаа юм. Энэ боловсруулсан ноосоор бүтээгдэхүүн хийхэд илүү хялбар,
цаг хугацаа хэмнэж бас бүтээмжийг нэмж байгаа юм. Өмнө нь дөнгөж хяргасан
ноосыг малчдаас худалдаж аваад, өөрсдөө гар аргаар, уламжлалт технологиор
ялгаж, угааж бүтээгдэхүүн хийхэд цаг хугацаа их шаарддаг байсан. Харин
одоо дотоодын үйлдвэрт боловсруулсан
хонины ноосоор нэг малгайг хоёр хоногт гаргах боломжтой болсон.

-Сайн малгай
хийхэд хонины ноосны чанар бас нөлөөлдөг байх нь?
-Тийм ээ. Монгол хонины ноосыг нийтлэг төрлөөр нь нарийн
нарийвтар, бүдүүн, бүдүүвтэр гэж ангилдаг бөгөөд хонины ноосны дийлэнх хувийг
буюу 45.8-59.6 хувийг цагаан ноос эзэлдэг. Нийт хонины ноосны 90 орчим хувийг
бүдүүн ноос эзэлж байна. Бүдүүн ноост хонины ноос нь бүдүүн ноолуур, завсрын
үс, сор үс, хялгас үснээс бүрддэг. Тиймээс ялгах нь чухал байдаг. Мэдээж бүх
хогийг нь түүж боловсруулсан, зөв технологиор хяргасан, хонины ноосоор хийсэн
бүтээгдэхүүн, хэв загвар сайн сууж, тухайн бүтээгдэхүүний яс чанарт эерэг нөлөөлнө
шүү дээ.
-Бүтээгдэхүүнээ зах зээлд хэдэн төгрөгөөр борлуулж байна
вэ?
-Үнийн хувьд бид тухайн бүтээгдэхүүнд ногдож байгаа түүхий эд материал, цехийн ажилчдын цалин, татвар, түрээс, банкны эргэн төлөлт зэргээ тооцоолж гаргасан. Эсгий углааш, хавар намрын ботинк, гутал нь насанд хүрэгчдийнх нь 170 мянган төгрөг, хүүхдийнх нь 45-65 мянган төгрөг, малгай 89 мянган төгрөг цүнх, оймс, бэлэг дурсгалын зүйлс нь хэмжээ, тоо ширхгээс шалтгаалж янз бүр үнэтэй гарч байна. Өнөөдрийн байдлаар гадуур өмсдөг ботинк, гутал, эмнэлгийн эмч, ажилтнуудын захиалгат шаахай захиалга ихтэй байна.
Зах зээлд борлуулж байгаа үйлдвэрийн олон ширхгээр үйлдвэрлэж байгаа гутал, шаахай малгайнаас давуу, онцлог чанартай үйлдвэрлэхийг хичээдэг.
Учир нь үйлдвэрийнх шиг нэг хэв загвараар олон ширхгээр
үйлдвэрлэдэггүй. Харин захиалгаар, тухайн захиалагчийн хүссэн өнгийг гаргаж,
хүссэн загвараар нь цор ганцыг тухайн хүндээ л зориулж үйлдвэрлэдэг болохоор
худалдан авалтад санаа зовдоггүй. Тиймээс захиалгаар гаргаж байгаа малгай,
гутал бүр өөрийн онцлог, хэв
загвартайгаас гадна өвөрмөц өнгөтэй болж чаддаг.
-Танай бүтээгдэхүүнүүд чамин загвар, өнгөтэй юм?
-Бид хонины
ноосыг уламжлалт технологиор хүний биед харшил үзүүлэхгүй, урсахгүй будгаар
өнгө гаргаж, ямар ч хэв загвараар урлахыг хичээдэг. Хамгийн гол нь бүтээгдэхүүний түүхий эд нь
байгалиараа, химийн гаралтай биш байгаад л байгаа юм. Малгай болон гутлын
өнгийг гаргахдаа заримдаа боловсруулсан өнгөтэй ноос болон эсгийд зориулсан эко
будаг ашигладаг. Бүр улаан манжин, луувангийн шүүсийг ч өнгө гаргахад ашиглаж
байна.

-Яагаад заавал эсгий урлалыг сонгов?
-Ноосыг хэрхэн амьдруулж, хүнд хэрэгцээтэй зүйл урлаж болохыг анх сургалтаар олж мэдсэн, түүнээс хойш энэ урлалд дурлаж, хөгжүүлэхийг зорьж байна. Ялангуяа өөр шигээ эмэгтэйчүүдэд зааж өгч туслаад, хамтраад хичээж явна.
Ноос бол манай улсад элбэг байгаа түүхий эд шүү дээ. Өнөөдөр үнэгүйдээд байгаа хонь, тэмээний ноосыг хэрхэн яаж үнэд хүргэж, хэрэгцээтэй бүтээгдэхүүн болгох вэ гэдэг өдөр бүрийн бодлоо эмэгтэйчүүдтэйгээ хамтраад үр дүн, бодит ажил болгоод хийж байгаадаа баяртай байна.

Хоршооны маань малчин эмэгтэйчүүд ч өрхийн орлогодоо хувь нэмэр оруулж, малынхаа түүхий эдийг үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгож, үйлдвэрлэж байгаа нь бахархам сайн туршлага, жишээ болж байна.
Түүгээр
ч зогсохгүй хэрэглэгч, хэрэгцээ шаардлага их байх тусмаа энэ урлал, үйлдвэрлэл
рүү өөрийн эрхгүй дурлаж байгаа юм. Жишээлбэл манай улсад байгаа хамгийн элбэг түүхий эдийг
хэрхэн боловсруулах, бүтээгдэхүүн болгож байгаа сайн жишээнүүдийг харж
бахархаж, судалж, ажил хэрэг болгох нь миний зорилго болчихлоо. Залуучууд бид ажилгүй гэхээсээ илүүтэй
ямарваа нэгэн зүйлийг өөрийн болгож түүндээ дурлаж илүү ихийг хийх хүсэл
тэмүүлэлтэй, бас үүрэг хариуцлагаа ухамсарлах нь бидний амьдралын эерэг хэв маяг болчихсон шүү дээ.
Малын ноос бол амьд түүхий эд. Ноос дулаан илч, энергитэй
байдаг. Булга, туулай, үнэг гэхчлэн амьтны амийг тасалж бүтээгдэхүүн
урладаггүй. Амьтны амь тасалж хувцас хийгээгүй. Харин ноос бол өөр. Дулаахан,
хөнгөхөн, бат бөх, эдэлгээ сайтай, бас илч энергитэй амьд түүхий эд шүү дээ.
Малынхаа ноосыг бүтээгдэхүүн болгох
нь миний, бидний эмэгтэйчүүдийн зорилго юм. Бүтээгдэхүүнээ урлаж байхдаа бид үргэлж аз жаргалтай байдаг. Яагаад ч юм цаанаасаа
л сэтгэл дүүрэн байдаг шүү. Тийм учраас малчдыг малынхаа ноосыг үнэгүйдүүлэхгүй, зах зээлд тогтмол борлуулдаг байгаасай гэж хүсдэг юм.
Завхан аймаг 2024 оны жилийн эцэст 3008.2 мянган толгой мал тоолуулжээ. Үүнээс хонь 1442.6, нийт мал сүрэгт эзлэх хувь нь 48 хувь байна.
Тус аймагт жилд дунджаар хонь, тэмээний ноосны урамшууллыг давхардсан тоогоор 6500 гаруй малчин, мал бүхий өрх авдаг. 2022 оноос эхлэн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Татварын ерөнхий газраас и-баримт аппликейшнд нэмэлт хөгжүүлэлт хийсэн.
Ингэхдээ малчин, мал бүхий этгээдэд олгох ноосны мөнгөн урамшууллыг и-баримт үүсгэн баталгаажуулалт хийж бүртгэлтэй дансаар нь дамжуулан олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл 2022 оноос ноосны урамшууллыг малчдад и-баримт үүсгэж олгодог болсон юм. 2023 оны ноосны урамшуулал 624.6 сая төгрөгийг нийт 1446 иргэнд олгосон байна. 2024 оноос хойш ноосны урамшуулал авсан малчдын тоо баримт одоогоор байхгүй байна гэж Завхан аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв.
..."Манай орны эрс тэс уур амьсгалд дасан зохицсон монгол хонины ноос дулаан сайн хадгалдаг, бат бөх, галд тэсвэртэй, хиртэлт, элэгдэлт багатай, үс нь сэргэх чадвар сайтай зэрэг онцлог ба давуу чанартай. Дулаан тусгаарлах чадвар нь л гэхэд их. Монгол хонины ноосны ширхэг бүр нь голоороо хөндий гуурстай, гуурс нь агаараар дүүрсэн бүтэцтэй байдаг учир дулааныг сайн тусгаарладаг. Агаарын чийгшил их үед хонины ноос нь чийгийг шингээгээд дулаан болгон гаргадаг. Ноосон дулаалгын материал дулааныг хадгалж, чийгийг шингээн өрөө тасалгааны бичил уур амьсгалыг тогтмол байлгадаг. Үүнийг байгаль эхээс заяасан энерги үүсгэгч гэж судлаачдын хэлснийг уншиж байсан юм.

Хонины ноосон малгайгаар жилийн дөрвөн улиралд гоёх боломжтой
Ер нь ноосны ширхгүүд нь боловсруулалтын явцад нэг чиглэлд эмх замбараатай зулагддаг. Ширхгүүд нь орооцолдсон байдаг учраас сайн биеждэг. Бүтээгдэхүүн бий болгосноор хэв гажилтад хялбар ордоггүй онцлогтой. Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нөөц. Жишээлбэл бид ноосон шаахайг муудахаар нь шууд хаях биш, түүнийг дахин боловcруулах боломжтой юм. Ямар нэгэн ноосон бүтээгдэхүүний эдэлгээний хугацаа дуусахад бүрэн задарч байгальд шингэдэг онцлогтой шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар судалж, сонирхож уншиж байсан учраас ноосныхоо онцлогийг ч мэдэж авсан юм.
Тэгэхээр бүтээгдэхүүнээс илүү тухайн бүтээгдэхүүний түүхий эд материал маш чухал нөлөөтэй юм. Бид байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа юм байна гэж бодохоор, урамтай байдаг юм. Орон нутагт боловсруулах олон үйлдвэр бий болж, малынхаа түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, дотоод, гадаадын иргэдийн эрэлттэй бүтээгдэхүүнийг бий болгохсон" гэж С.Лхагвасүрэн ярилцлагынхаа төгсгөлд онцлон ярилаа.
Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 394 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам” батлагдсан. Ноосны урамшууллыг тушааж буй ноосны чанартай уялдуулж, нэмэгдүүлэхээр болсон юм.
Зарим малчин и-баримтаа баталгаажуулаагүйгээс болж хугацаа алдах, урамшууллаа хүлээн авч чадахгүй байгаа. Тиймээс малчин лавлах 109 утаснаас малчин өөрийн урамшуулал олгогдохгүй байгаа шалтгаанаа асууж болох юм.
Завхан аймагт өнөөдрийн байдлаар ноосны боловсруулах үйлдвэр
байхгүй. Гэхдээ үйлдвэрийн боловсруулсан ноосон утсаар бэлэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүд бий. Өнөөдрийн байдлаар Завхан аймагт эсгий ноос
ноолуур чиглэлээр 18 иргэн, 2 хоршоо, оймс үйлдвэрлэл нэг ХХК, сүлжмэл
эдлэл нэг ХХК, нэг иргэн үйл ажиллагаа явуулж байна.
Жил бүр малчид тодорхой хэмжээний ноосыг Улаанбаатар хот, Орхон аймгийн боловсруулах үйлдвэрүүдийн гэрээтүүдээр дамжуулан тушаадаг гэж Завхан аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
“Жин жинст” хоршооны гишүүн, Дөрвөлжин сумын иргэн Б.Дэлгэрмаа:
-“Ер нь ноос, эсгийгүйгээр малчин бидний амьдралыг төсөөлөх аргагүй. Эсгий гэр, өрх, олбог дэвсгэр, тохом тохош, уут сав, гутал, оймс, дэвсгэр хаяавч гээд бид малынхаа ноосоор хийж ирсэн түүхтэй.
Ноосоор хийсэн бүтээгдэхүүн нь хүйтэнд дулаахан, халуунд сэрүүн, чийг татдаггүй, бат бөх байдаг онцлогтой учраас хүний эрүүл мэндэд их сайн. Эсгий гудас, олбог, дэвсгэр хэрэглэдэг байсан үед ууц нуруу, бөөр давсагны өвчин бага байсан гэж ээж, эмээ минь ярьдаг байсан.
Хонины ноосоо орчин үеийн технологитой хослуулан өвлөн уламжилж, улмаар өвлүүлэх ёстой. Үүнийг залуучууд бид л санаачлах ёстой шүү дээ. Би хоршооны гишүүн болсноор маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Ялангуяа ноосоор хийсэн бүтээгдэхүүн ямар нэгэн химийн бодис ороогүй болохоор байгалийн үнэр үнэртдэг, угааж арчлахад сунаж агшихгүй гээд давуу талыг нь өөрөө хийж сурч, хэрэглээд судлаад, мэдэж авч байгаа юм.
Манай нутагт ноос, эсгийг цагаан сүүний бэлгэдэлтэй, сайн сайхныг урин дуудагч гэж бэлгэшээдэг. Тиймээс ч шинэ бэрээ цагаан эсгийн дээр алхуулж, цагаан эсгийн дээр сөгдөн тэнгэр бурхандаа мөргөдөг уламжлал одоо ч бий. Миний хувьд сургуулийн хүүхдээ харангаа хоршооныхоо цехэд ажиллаж байна. Ажилтай, орлоготой байх нь амьдралд нэмэртэй ч, хамгийн сайхан нь ноосоор бүх төрлийн зүйлийг хийж сурах эрдэмд суралцаж, олон хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн урлаж өгч байгаадаа маш их баяртай байдаг юм.
Ер нь малчид бид өдөр бүр зогсоо зайгүй хөдөлмөрлөж “өрх бүр
үйлдвэр, хүн бүр үйлдвэрлэгч” байсаар ирсэн. Ялангуяа малчин эмэгтэйчүүд
маань өрхийн үйлдвэрлэлийг
ямар аргаар хийх арга туршлагыг судалж, сурч аваасай гэж хүсдэг юм. Буянт малынхаа хишиг болох сүү, мах, ноос ноолуур, арьс ширийг
боловсруулж бүтээгдэхүүн болгож зах зээлд гаргах нь илүү ашиг шимтэй байдаг юм
байна шүү. Малынхаа түүхий эдийг
боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгох нь л чухал юм
гэдгийг хоршооны гишүүн болсноороо мэдэж сурч байна. Малчид маань малынхаа бүхий л түүхий эдийг үнэгүйдүүлдэггүй байгаасай гэж боддог. Учир нь зах зээл дээр хямд болохоор ч тэр үү, зарим малчид малын нэхий, ноосыг зүгээр л хаяж харагддаг. Уг нь төрийн бодлогоор малын гаралтай түүхий эдийг үнэтэй худалдан борлуулахад нь дэмжлэг үзүүлдэг байх. Сайн мэдэхгүй юм” гэж ярилаа.
Завхан аймагт уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй "Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь" (АДАПТ) төсөл хэрэгжиж байна.

Тус төслийн хүрээнд ноос, ноолуурын дуудлага худалдааг Завхан аймгийн ЗДТГ, Монголын ноос ноолуурын холбоо хамтран анх удаа, энэ оны 5-р сарын 15, 16-ны өдөр зохион байгуулжээ.
Ноолуурын дуудлага худалдаанд үндэсний үйлдвэрлэгчид оролцож 68,8 тн ноолуурыг малчид хоршоодоос худалдан авсан байна. Тухайлбал "Говь" ХК -28 тн, "Кашмер холдинг" ХХК -9 тн, "Ханбогд кашмер" ХХК-7 тн, "Хатант интернэшнл" ХХК-12 тн, "Өгөөж шим" ХХК -1,8 тн, "Анжил мүүн" ХХК -1 тн, "Могол ноос" ХХК -11 тн ноолуурыг хоршоод, малчдаас 122-135 мянган төгрөгөөр худалдан авсан байна. Энэхүү дуудлага худалдааг зохион байгуулснаар, гарал үүсэл нь тодорхой, чанартай түүхий эд нэг цэгт төвлөрч худалдан авагч талд цаг хугацаа, түүхий эд цуглуулах зардал хэмнэх давуу талтай болсон юм. Үндэсний үйлдвэрүүд болон ноолуурын худалдаа эрхлэгчид хамтран оролцох боломжтойгоороо онцлог болсон тухай Адапт төслийн Завхан аймаг дахь орон нутгийн зохицуулагч мэдээлэв.
/Тоон мэдээлэл, гэрэл зургийг АДАПТ төслийн пэйжээс авав/
Ташрамд, Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн нь ноос, ноолуур, арьс ширний боловсруулалтын түвшнийг 4 жилийн хугацаанд хоёр дахин өсгөж, үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлж, нийтдээ 8,000 гаруй шинэ ажлын байр бий болгох юм. "Цагаан алт" хөдөлгөөн нь үйлдвэрлэгч, ажилтан, малчин гуравт хамгийн их өгөөжтэй.
Завхан аймагт болсон ноос, ноолуурын дуудлага худалдаа нь үндэсний хөдөлгөөнийг дэмжсэн, малчид үндэсний үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлсэн цаг үеэ олсон үйл ажиллагаа болжээ.
..."Малаас гарч байгаа үнэт түүхий эдээ үнэгүйдүүлэн хөсөр хаях явдал хөдөө, хотгүй бий. Малын сүү, мах, ноос, ноолуур, арьс ширний анхан шатны боловсруулалтыг эх орондоо хийж байгаа үндэсний үйлдвэрээ дэмжих. Эдгээр үйлдвэрүүд, хоршооны бүтээгдэхүүнийг худалдан авдаг байгаасай. Дотоодын үйлдвэрүүдийн эрэлт хэрэгцээ их байгаа энэ үед бодлогын дэмжлэг хэрэгтэй. Өнөөдөр үйлдвэрлэгчдэд үнэтэй тоног төхөөрөмж, татвар, ажилчдын цалин хөлс багагүй бэрхшээлтэй байдаг ч гэлээ.
Хүн бүр, ялангуяа малчид орлогоо нэмэгдүүлэх, малаас гарч байгаа дээрх түүхий эдээрээ гэртээ төрөл бүрийн бүтээгдэхүүнийг гар аргаар, үйлдвэрлэх арга технологийг сураасай гэж хүсдэг. Тийм ч учраас хоршооны минь гишүүдийн 60 гаруй хувь нь малчин эмэгтэйчүүд байна. Тэдэндээ илүү их зүйлийг зааж өгч, хамтын үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг хүсэж байна" хэмээн Улиастай сумын “Жин жинст” хоршооны үүсгэн байгуулагч С.Лхагвасүрэн ярилаа.

Зуны эсгий шаахай

Зарим амралтын өдөр эмэгтэйчүүд эсгий малгайны сургалтад ирж, өөрсдийн гараар,
өөрсдийн сонирхсон загварын малгайг урлаж сурдаг
Ulaanbaatar