Сонгуулийн хэсгийн хороод хууль зөрчиж, олонхийн талд шийдвэр гаргасан гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРСум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хэсгийн хороодын удирдлагууд Сонгуулийн тухай хууль, СЕХ-ны арга зүйн зөвлөмжийг үл хүндэтгэж, олонхийн талд шийдвэр гаргасан хэмээн өнөөдөр АН-аас мэдээлэв.
Өнгөрсөн сарын 19-нд болсон сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар АН 104 сум, нийслэлийн 3 дүүрэгт ялалт байгуулжээ. Тус намаас 330 суманд 6900 нэр дэвшигч өрсөлдөж, 2650 нь олонхийн санал авсан байна. Харин нийслэлийн 9 дүүрэгт 295 хүн нэр дэвшсэнээс 98 нь сонгогджээ. Сонгуулийн хуульд хэсгийн хороодын удирдлагууд ард түмний сонголтыг будлиантуулах оролдлого гаргахыг хориглосон ч Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт хэд хэдэн маргаантай асуудал гарсан гэдгийг АН-ын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер Д.Эрдэнэбат хэллээ.
Тэрбээр, “Бид эрх мэдэлтэй, үнэмлэхүй олонхийг бүрдүүлж буй улс төрийн хүчний эсрэг өрсөлдсөн. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр эрх баригч нам мөрийн хөтөлбөр, амлалтаасаа хэрхэн буцаж байгааг олон нийтэд ойлгуулахыг хичээж ажилласан. Үүнийгээ ч биелүүлсэн. Одооноос шинэ Засгийн газрын үйл ажиллагааны 1000 хоногийн хугацаанд ард түмний амьдрал, улс орны эдийн засагт ямар өөрчлөлт гарахыг анхааралтай ажиглаж, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардах болно. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ үеэр АН үндэсний хэмжээний томоохон улс төрийн хүчин гэдгээ нотлохын тул ажиллах болно” хэмээв.
Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт АН 22, МАН 19 суудал авсан талаар СЕХ болон Нийслэлийн сонгуулийн хороо албан ёсоор зарласан байна. Гэтэл тус дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий эрх мэдлээ урвуулан ашиглаж АН-ын 6 нэр дэвшигчийг хасах тогтоол гаргажээ. Нэр дэвшигчийг хасах тогтоол нь сонгуулийн хорооны дарга болон нарийн бичгийн дарга нарын гарын үсэгтэйгээр баталгаажиж, шүүхээр шийдвэрлэх ёстой. Гэвч тус тогтоолд нарийн бичгийн дарга гарын үсэг зураагүй төдийгүй, шүүхээр ч эцэслэн шийдвэрлээгүй байна. Энэ нь сонгуулийн хуулийг зөрчиж, иргэдийн сонголтыг үл хүндэтгэж байгаагийн илрэл юм хэмээн Баянзүрх дүүргийн АН-ын дарга Д.Пүрэвдаваа дурьдав.
Харин Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, “Сонгуулийн өдөр Сүхбаатар дүүргийн 7 хороонд ирц хүрээгүй байхад хэсгийн хороо нь ирц хүрсэн хэмээн худал мэдээлж, МАН-ын 2 нэр дэвшигчийг ялалт байгуулсан хэмээн зарласан. Уг асуудлыг одоо харъяалах хуулийн байгууллага нь шалгаж байгаа. Мөн дүүргийн 11 хорооны сонгуулийн хорооны дарга н.Бат-Эрдэнэ 1000 гаруй хүний саналаар илт давуу ялалт байгуулж явсан АН-ын нэр дэшигчийг “Энэ хүнийг нэр дэвшүүлэхгүй. Энэ бол миний итгэл үнэмшил юм” гэж хэлээд хассан. Хийсэн үйлдлийнхээ төлөө Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга болж шагнуулсан. Бид энэ хүний хууль бус үйлдлийг шалгуулахаар АТГ-т хандсан. Хууль, хяналтын байгууллагууд бидний хүсэлтийг нягталж, үнэн зөв шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна.
УИХ-ын сонгуулийн дараа иргэдийн саналыг “Хаан сонголт” хэмээн нэрийдэж байсан. Гэтэл сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар хууль бус үйлдлүүд гаргаж, “Хаан сонголт”-оо уландаа гишгэж байна. Тиймээс бид сонгуулийн үед гарсан хууль бус үйлдлүүдтэй тэмцэх болно” гэлээ.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ