ДУНДГОВЬ: Бүсийн спортын наадамд оролцох 130 тамирчинд батламж гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар,
аймгийн спортын холбоодтой хамтран энэ сарын 8-10-нд иргэдийн спортын наадмыг зохион
байгуулж, 9 сумаас 472 тамирчин оролцов.
Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлогын
хүрээнд бүс, орон нутгийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх, бүсүүдийн хамтын
ажиллагааг спортоор дамжуулан өргөжүүлэх, үндэсний болон спортоор хичээллэх,
эрүүл идэвхтэй амьдралын хэв маяг бүхий иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор тус
наадмыг 2 үе шаттай зохион байгуулсан байна.
Анхан шатны тэмцээнийг Эрдэнэдалай, Гурвансайхан, Сайнцагаан
суманд бүсчлэн зохион байгуулж, 1300 тамирчин үндэсний бөх, сур харваа, шагайн
харваа, ширээний теннис, шатар, волейбол, сагсан бөмбөг гэсэн төрлөөр хурд, хүч,
авхаалж, самбаагаа сорьж, шалгарсан тамирчид хоёр дахь шатны тэмцээнд оролцсон
юм.
Хоёр дахь шатны тэмцээнд багийн дүнгээр Сайнцагаан сум
түрүүлж, хоёрдугаар байрт Гурвансайхан, гуравдугаар байрт Эрдэнэдалай сум
шалгарчээ.
Тус тэмцээнээс шалгарсан 130 тамирчинд энэ сарын 16-18-нд Дорноговь аймагт зохион байгуулах Говийн бүсийн спортын их наадамд оролцох батламж гардуулсан юм.