ӨВӨРХАНГАЙ: Волейболын насанд хүрэгчдийн УАШТ-нд 280 тамирчин оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Өвөрхангай аймагт болж байна.
Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотоос эрэгтэй 15, эмэгтэй найман багийн 280 тамирчин дасгалжуулагчдын хамтаар тэмцээнд оролцож, Олон улсын шүүгч Г.Золбаяраар ахлуулсан улсын дээд лигийн шүүгчид шүүж байгаа юм.
“Монголын волейболыг цаг үе бүрд манлайлж чимж явсан Олон улсын хэмжээний мастерууд өнөөдрийн тэмцээнд олноор ирсэн нь маш бахархалтай байна” хэмээн Монголын волейболын холбооны дэд ерөнхийлөгч, ОУХМ Ч.Отгонбаяр хэлсэн бол аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж улсын чанартай спортын уралдаан, тэмцээнийг аймагтаа зохион байгуулах зорилт тавьж, 2025 он гарсаар таеквондогийн болон үндэсний бөхийн хүүхдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Арвайхээр суманд зохион байгуулсныг онцлон дурдлаа.
Волейболын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өвөрхангай аймагт 2022, 2023 онд зохион байгуулж байв. Энэ удаагийн тэмцээн 5 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ.