Их зохиолч Д.Нацагдоржийн оньсого мэт амьдралыг "Жаргаагүй нар" жүжгээр үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-02 15:44:08

Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн СГЗ Ш.Гүрбазарын "Жаргаагүй нар" зохиолыг найруулагч Ч.Түвшин дэлгэцийн бүтээл болгон энэ сарын 04-нд УДЭТ-ын тайзнаа нээлтээ хийнэ.

Их зохиолчийн оньсого мэт амьдралыг тайзнаа амилуулах уран бүтээлчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Ардын жүжигчин Н.Сувд хэлэхдээ, “Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ-ын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн тухай өгүүлсэн бодит туурвилын анхны шинэ уран бүтээлийг толилуулах гэж байна. Их зохиолч Д.Нацагдорж нь ердөө 31-хэн насалсан ч бүтээл туурвилаараа хэзээ ч мөхөшгүй хөшөө босгосон аугаа зохиолч, сэтгэгч, төрийн зүтгэлтэн. Үнэхээр энэ хүн нар шиг мандаж, Монголын ард түмэнд гэрлээ цацруулж явсан билээ" хэмээн онцлов. 

Нацагдоржийн дүрд жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрд жүжигчин Н.Баярмаа нараас гадна театрын залуу уран бүтээлчид дүр бүтээжээ.

Найруулагч СТА Ч.Түвшин: Үндэсний ухамсар, утга зохиол, соёлоо дээдэлдэг үзэгчдийн эрэлт хэрэгцээнд Д.Нацагдорж гэдэг түүхэн бодит хүний дүр үгүйлэгдэж байгаагийн сацуу тэр он цагийн сэхээтний үе хэрэгтэй байгааг анзаарч, дүрүүдийг судлах, үзэл санаа, тэмүүлэлд онцолж ажиллахыг хичээлээ. Мөн дүрүүдийн хувийн амьдралын эргэлт, хайр сэтгэлийн хандлагыг харуулахыг зорьсон. Хамгийн гол нь эх орноо дэлхийд тамгалсан, эрх чөлөөгөө бүтээлдээ тунхагласан, үнэний төлөө жаргаагүй нар, үүрд дуурсагдах сод найрагчийн тухай жүжиг бүтээхийг зорьсон.

Зохиолч, СГЗ Ш.Гүрбазар: Монголын ард түмний хувьд Д.Нацагдоржийн тухай мэдэх хүн олон, мэдэхгүй хүн ч олон байдаг. Түүний амьдралд үнэлэлт дүгнэлт өгөх гэж бодсонгүй, харин Д.Нацагдорж гэдэг бодгаль хүнийг яаж үнэлэх вэ гэдэгт илүү анхаарсан. Энэ жүжгийг улс төр, цаг хугацааны өнцгөөр харахыг хүсээгүй. Харин чинадын талаас нь гаргахыг хичээсэн туульсын жүжиг юм.  

Жүжигчин Б.Шинэбаяр: Дүрийн судалгааг эрдэмтдээс гадна зохиолч Ш.Гүрбазараас нэлээд мэдээлэл авч, баримтад тулгуурлаж хийсэн бөгөөд их зохиолчийн уран бүтээлийг судлахыг чухалчилсан.

Жүжигт зохиолчийн 11 жилийн амьдралыг харуулах юм. Тухайн үед суут хүн байгаагүй, Монгол Улс 1961 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш энэ хүний талаар илүү их ярьж бичдэг болжээ. Цаг үеийн бүтээгдэхүүн их зохиолч маань Монголын төлөө санаа зовних, улс орноо яаж хөгжүүлэх вэ гэсэн эрмэлзлэл, бухимдах, инээх, баярлах, гомдох гээд бүхий л сэтгэлийн хөгийг нь гаргахыг зорьсон.

Хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр: Хүн төрөхдөө дуутай, хөгжимтэйгээ ирдэг. Тэр дундаа их зохиолч өөрийн дуутай, шүлэгтэй, хөгжимтэйгээ ирсэн. Энэ тухай та бүхэн жүжгээс үзээрэй. 

Жүжгийн нээлт, тоглолтын үеэр үзэгчдэд их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүний кино урлаг, дүрслэх урлагт мөнхжүүлсэн уран бүтээлээр нь “Монгол ардын суут” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлнэ.  

Мөн БСШУСЯ-наас олгодог Тэргүүний уншигч-Нацагдорж тэмдэгтэн шагналтнууд 5000 төгрөгийн хөнгөлттэй үнээр тасалбар авах боломжтой. Тоглолт энэ сарын 4-10-ныг хүртэл өдөр бүр үзэгчдийн хүртээл болох юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

相关新闻