Төрийн өмчийн ААН-үүдийн өр 10.8 их наяд хүрч, гурав дахин өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-11-02 13:35:52

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар тус байнгын хорооны энэ оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн өмчит ААН-үүдийн эдийн засаг, санхүүгийн байдлыг хянан шалгах, дүгнэлт гаргах бүхий үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо.

Хуралдааны эхэнд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ, “Төрийн өмчит болон төрийн оролцоотой үйлдвэр, компани нийт 90 аж ахуй нэгж байдаг. Үүнээс 3 нь огт үйл ажиллагаа явуулдаггүй. Төрийн өмчит болон төрийн оролцоотой ААН нь 2012 онд нийт 40 гаруй мянган орон тоотой байсан бол өнгөрсөн онд 45 мянга болж, орон тоогоо 5000 гаруйгаар нэмсэн. 2013 онд 3.5 их наяд төгрөгийн өртэй байсан бол 2015 онд 10.8 их наяд болж, өрийн хэмжээ 3 дахин нэмэгдсэн. Эдгээр ААН-үүд нь энэ оны хоёрдугаар улирлын байдлаар 38.6 тэрбум төгрөгийн татварын өртэй. Мөн 2012 онд тус аж ахуй нэгжүүд нь 187.7 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан бол өнгөрсөн онд 11.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэ нь гурван жилийн дотор ашигтай ажиллаж байснаа алдагдалтай ажиллах хэмжээнд очсон. Дээрх тооноос харахад уг аж ахуй нэгжүүд алдагдалтай ажиллаж байсан хэрнээ орон тоо, зардлаа нэмж ирсэн байна. Иймд тэдгээр аж ахуй нэгжийн өр авлага, алдагдлыг бууруулах, менежментийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх дүгнэлтийг үндэслэн ажлын хэсгээс шаардлагатай аж ахуй нэгжүүдийг хувьчлах, бүтцийн өөрчлөлт хийх замаар орон тоо, зардлыг бууруулах, “Герман газ", “Монгол мах”, Техник спортын төв, Аж үйлдвэрийн цогцолбор, Дархан газрын тос, Монгол тариалан корпораци, Аялал жуулчлалын үндэсний төв зэрэг аж ахуй нэгжийг татан буулгах, санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд харилцах дансыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.

Танилцуулгатай холбогдуулж гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр төрийн өмч нэрээр өмчийг эзэнгүйдүүлж байгаагийн дээр төрийн оролцоотой компаниуд дээр улс төрийн томилгоо дагадаг болчихлоо. Эрх мэдэл бүхий хүмүүс эрээ цээргүй идэж ууж ирсэн нь танилцуулгаас тодорхой байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Я.Содбаатар төр ямар бизнес рүү орох вэ гэдгээ сайтар нарийвчлах ёстой гэсэн юм.

Мөн УИХ-ын гишүүн Х.Баделхан тухайн үед ажиллаж байсан дарга нарт нь ямар хариуцлага ногдуулах тухай асуудлыг тодруулсан. Эл асуултад Ерөнхий аудитор А.Зангад, “Төрийн өмчид улсын үйлдвэрийн газар, төрийн өмчийн оролцоотой үйлдвэрүүдэд ажиллаж байсан дарга, ТУЗ-ийн гишүүд нь хариуцлагаа хүлээх ёстой. Манай байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчил илэрсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох газарт нь уламжилж байсан” хэмээн хариулсан юм. Харин татан буулгах аж ахуй нэгжүүд дээр ямар өмч байгаа тухайд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, "Ганц хүнтэй аж ахуй нэгжүүдийг татан буулгах юм. Тэдгээрт ямар нэг өмч хөрөнгө гэх зүйл байхгүй. Тамга тэмдгээ бариад өр зээл тавиад яваад байгаа тал байна" гэв.

Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын холбогдох тогтоолд ажлын хэсгээс оруулж ирсэн саналуудыг тусгахаар тогтов.

Б.Туул

相关新闻