Өвөрхангай, Францын уран бүтээлчид хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тайзнаа толилууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг Франц улсын Аллиер мужийн хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойг тэмдэглэх үйл ажиллагаа Өвөрхангай аймагт үргэлжилж байна.
Энэ хүрээнд аймгийн Хөгжимт драмын театрын болон Франц улсын Аллиер мужийн Виши хотын уран бүтээлчид хамтран "Нүүдэлчин оршихуй" жүжгийг тайзнаа толилууллаа.
Виши хотын Театрын нэгдлийн захирал, урлаг судлаач Фабрис Дюбюсээр ахлуулан жүжигчин, дуучин, бүжигчин, зураач, гэрэлтүүлэгч, техникч зэрэг 11 уран бүтээлч тус аймагт хүрэлцэн ирээд байна. Эх дэлхий, байгальь, уур амьсгалын өөрчлөлт, түүнд нөлөөлөгч хүчин зүйл, хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйг хөгжим, жүжиглэлтээр илэрхийлсэн дээрх жүжигт 20 гаруй уран бүтээлч тоглосон юм. Цаашид хоёр талын хамтын ажиллагаанд соёл урлагийг түлхүү анхаарч, үндэсний өв соёлыг сурталчлан түгээх чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.