ОРХОН: ИТХ-ын хуралдаанаар “Үнэт цаас гаргах тухай” асуудлыг хэлэлцэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар "Эрдэнэт бонд" гаргах асуудлыг хэлэлцэж байна.
Үнэт цаас, хувьцаа гаргах асуудлын тухайд хуульд зааснаар 100 мянгаас дээш хүн амтай, улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймгууд тодорхой төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор үнэт цаас гаргах боломжтой. Аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж, төвлөрүүлсэн орлогоор боловсрол, эрүүл мэндийн салбар болон төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн хөрөнгө оруулалт, тээвэр авто замын чиглэлээр улсын болон орон нутгийн чанартай авто замын барилга угсралт, шинэчлэл, өргөтгөл, их засварын төслүүдийн хөрөнгө оруулалт, хотын дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах чиглэлээр инженерийн шугам сүлжээг шинэчлэл, сайжруулалтад шаардлагатай төслүүдийн хөрөнгө оруулалт, Спорт, аялал жуулчлал, хойд бүсийн тээвэр логистикийн төвийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа талаар хуралдаанд танилцууллаа.
Үнэт цаас гаргаснаар орон нутгийн төсвийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт туссан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг татах бөгөөд хамгийн чухал нь санхүүжилтээс шалтгаалж хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл удаашрахгүй байх, цаг хугацаа хэмнэх давуу талтай гэж үзэж байна.
Аймгийн ИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжих эсэхийг шийдвэрлэх бөгөөд дэмжсэн тохиолдолд төсвийн жил эхлэхээс дөрвөөс доошгүй сарын өмнө Сангийн яаманд үнэт цаас гаргах шийдвэрийн төслийг хүргүүлэх юм. Сангийн яамнаас холбогдох материалыг бэлтгэн Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх бөгөөд Засгийн газраас зөвшөөрөл олгосон тохиолдолд эрх бүхий байгууллагад бүртгүүлж, үнэт цаасыг арилжих юм.