БАЯНХОНГОР: "Цэрэг-эх оронч үзэл хүмүүжил" сэдэвт үйл ажиллагааг өрнүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяраар ахлуулсан ажлын баг "Цэрэг-эх оронч үзэл хүмүүжил" сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулахаар Баянхонгор аймагт ажиллаж байна.
Ажлын багийн бүрэлдэхүүнд улсын арслан Д.Ганхуяг, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа, улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз, улсын мэргэн Б.Баярсайхан нар багтжээ.
Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бүрэлдэхүүн зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын бие бүрэлдэхүүнд биеийн тамираар хичээллэхийг уриалах, сурталчлах, спортын III шатны сургалтыг явуулах, ЕБС-ийн сурагчдыг хамруулан спорт өдөрлөг – нөхөрсөг тоглолт зохион байгуулах юм.
Ажлын багийн бүрэлдэхүүнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хүлээн авч уулзав. Мөн үеэр Д.Мөнхсайхан, “Спортоор дамжуулж хүүхэд, залууст эх оронч үзэл хандлагыг өөрийн биеэр сурталчилж, түгээн дэлгэрүүлж яваад талархаж байна. Баянхонгор аймаг нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд анхаарч бүх насны иргэдээ сонирхсон спортоороо хичээллэх боломжийг бий болгон биеийн тамирын заал цогцолбор, гадна талбайнуудыг иж бүрнээр байгуулж, Монголын хүүхдийн спортын их наадмыг орон нутагтаа амжилттай хийсэн. Цаашид ч олон ажлын төлөвлөгөөтэй байна. Одоо тамирчдынхаа өсөх ирээдүйг дэмжиж “Алдар” спорт хороотой хамтран ажиллах саналтай байна” гэдгийг онцлов.
"Алдар" спорт хорооныхон Баянхонгор аймгийн спорт холбоодтой хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ уулзалтын үеэр албан ёсоор илэрхийллээ.