БАЯНХОНГОР: Хүлэмжийн аж ахуйг зохион байгуулалттайгаар хөгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-21 12:41:23
Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг хүлэмжийн аж ахуйг зохион байгуулалттайгаар хөгжүүлж, өөрийн аймгийнхан төдийгүй зэргэлдээх аймгийн иргэдийг өвөл, намартаа шинэ ногоогоор хангах боломж бүрджээ.

Тодруулбал, аймгийн төв 50х8 метр хэмжээтэй, нарны эрчим хүчээр ажилладаг өвлийн хоёр хүлэмж, зуны 100 хүлэмжид нутгийн иргэд өргөст хэмх, улаан лооль, салат навч зэргийг тариалж, хураасан ургацаа нутгийн зах худалдааны төвүүдэд борлуулж байна. Хүлэмжүүдээс нэг удаадаа 432 кг ногоо хурааж авах бололцоотой.

Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэхээр аймгийн төвийн Түйн голын бүсийн 3.6 га талбайг ашиглан хүлэмж, гүн өрмийн худаг хоёр, таван тоннын дөрвөн ширхэг усны нөөцийн сав байршуулж, 380 вольтын 300 метр цахилгаан шугам сүлжээ оруулан, стандарт жорлон, хогийн сав, хамгаалах хашааг тавьж тухайн бүсэд ажиллах иргэдийг бүрэн боломжоор хангажээ.

Сонирхуулахад, Тус аймаг өвлийн хоёр хүлэмжийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан байна. Нарны эрчим хүчээр цэнэглэгдэх, 50х8м-ийн хэмжээтэй, 500 орчим сая төгрөгийн өртөг бүхий хоёр хүлэмжийг хоёр сарын хугацаанд барьжээ.
相关新闻