ӨВӨРХАНГАЙ: Улсын физикийн XXXVI олимпиад олон улсын жишигт нийцэхүйц шинэлэг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Улсын физикийн XXXVI олимпиад Арвайхээр хотноо дөрвөн өдрийн турш амжилттай боллоо.
Олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс 105 сурагч, 49 багш мэдлэг чадвар, оюун ухаанаа уралдуулан оролцож, олон улсын жишгийн дагуу нийт оролцогчийн 24 хувь нь шагналын эзэд боллоо. Тодруулбал, багш нараас хоёр алт, таван мөнгө, долоон хүрэл медальтан төрсөн бол 9 дүгээр ангийн сурагчдаас нэг алт, гурван мөнгө, есөн хүрэл медаль авсан юм. Мөн 12 дугаар ангийн сурагчид хоёр алт, долоон мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ. Үүнээс Өвөрхангай аймгийн багш, сурагчид нэг мөнгө, гурван хүрэл авчээ.
Мөн “Шимт боловсрол” сургалтын байгууллагаас олимпиадыг дэмжин оролцож, 180 загвар бүтээх “Багшийн туслах багц”-ыг олимпиадад амжилттай оролцсон орон нутгийн 10 багшид гардуулан өглөө.
Энэ удаагийн олимпиадад багш, судлаачдын баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцохын зэрэгцээ дэвшилтэт технологиудыг туршсан, өөрсдөө үйлдвэрлэсэн, олон улсын жишигт нийцэхүйц шинэлэг болсныг оролцогчид дүгнэн хэлж байв. Олимпиадын үеэр Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс “Нүүдлийн планетариум” одон орны танилцуулга, "Квант физикийн шинжлэх ухаан - 2025" сургалт, "Квант физик" үзүүлэх туршилтуудыг хийлээ.
Өглөө нар мандахаас нар жаргасны дараах хүртэл хугацааны гараг эрхэс, нарны аймаг, оддын байрлал, бүтцийг харуулсан үзэсгэлэнг сургуулийн сурагчид, хүүхдүүд үзэж танилцсан юм.
“Нүүдлийн планетариум” одон орны үзэсгэлэнг 19 аймагт толилуулснаар байгалийн шинжлэх ухаанаар суралцах хүүхдийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтан-Очир хэллээ.