СЭЛЭНГЭ: Төмөр замчид шинэ орон сууцны түлхүүрээ гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-04-08 13:20:28

Сүхбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ ажилчдаа орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж байна.

 

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хоёрдугаар ээлжийн орон сууцны 40 айлын түлхүүрийг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд боллоо.

 

Орон сууцны төслийг хэрэгжүүлэхэд нэн тэргүүний шаардлагатай асуудал бол барилга байгууламж барих газрын асуудал байдаг. Иймээс энэхүү орон сууцыг барих газрын асуудлыг 2022 онд Мандал сумын ИТХ-аас шийдвэрлэснээр төмөр замчдыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна.

 

УБТЗ нийт 16000 гаруй ажилтантай. Эдгээрийн 1100 орчим нь Мандал сум дахь Зүүнхараа зангилаанд ажилладаг.

 

Иймээс төмөр замчдыг ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг үе шаттайгаар бүрдүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа энэхүү төсөл нь Төмөр зам дагуу байрлах томоохон өртөөнүүдэд үе шаттайгаар хэрэгжиж байна.

 

Энэхүү хоёрдугаар ээлжийн 40 айлын орон сууцыг "Гранд бест таур" ХХК барьжээ.

 

Шинэ орон сууцны түлхүүр гардуулах ёслолд УБТЗ-ын албаны төлөөлөгчид, Мандал сумын Засаг дарга Д.Хадбаатар нар оролцлоо.


相关新闻