ГОВЬ-АЛТАЙ: Ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт иргэд ам сайтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-04-03 15:37:07

Говь-Алтай, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат энэ өдрүүдэд сумдад ажиллаж, 2028 он хүртэл хэрэгжих аймгийн “Хөгжлийн хөтөлбөр”-ийг танилцуулан иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа.


Уулзалтаар иргэдэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож “Хөгжлийн хөтөлбөр”-т багтсан томоохон төсөл хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, хүн амын дундаж наслалтыг уртасгах “Говь-Алтай 80+” хөтөлбөрийг онцолж байлаа. 


Иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, өвчлөлийн шалтгаан, нас баралтыг багасган дундаж наслалтыг 80-аас дээш болгох зорилт дэвшүүлсэн эл хөтөлбөр 2024 оноос таван жилийн хугацаанд хэрэгжинэ. Хүн бүрийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлж, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэн, өвчлөлд нөлөөлөх шалтгааныг тогтоон өвчлөл, нас баралтыг бууруулснаар Говь-Алтай аймгийн хүн амын дундаж наслалтыг 80-аас дээш хүргэх зорилготой.


Хөтөлбөрийн зорилго, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарын анхан шатны нэгжээс эхлэн хоёрдугаар шатлалын байгууллага оролцохоороо онцлогтой юм. Иргэдийн дундах өвчлөл, тэдний нас баралтын шалтгааныг бууруулахад ахиц гаргасан сум, өрхийн эмнэлгийн хамт олныг багаар нь шалгаруулж шагнан урамшуулдгаараа ихээхэн онцлогтой. Хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор багийн эмч нарыг автомашинаар хангаж байгаа. 


Мөн аймгийн Засаг дарга Г.Чинбат Эрүүл мэндийн сайдад хүсэлт уламжилснаар Говь-Алтай аймагт дөрөв тэрбум орчим төгрөгийн өртөгтэй явуулын амбулатори бүхий хоёр автомашиныг энэ оны гуравдугаар сард олгосныг  танилцуулав. 


Уулзалтын үеэр иргэд ирэх жилүүдэд хэрэгжих хөгжлийн хөтөлбөрт ам сайтай байгаагаа илэрхийлж ажлын амжилт хүссэн байна. Мөн иргэд малын түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, газар тариалан тэр тусмаа хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд услалтын асуудал тулгамдаж байгаа талаар санал бодлоо илэрхийллээ.

相关新闻