БАЯНХОНГОР: "И-Монголиа" цахим системийн ашиглалт 79 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-04-03 11:11:13

Баянхонгор, 2025 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилтын хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэдэд хүргэх, иргэдийг мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах ажлыг хурдан шуурхай зохион байгуулах ажил эрчимтэй өрнөж байна.


Баянхонгор аймагт төрийн цахим үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор "ХУРДАН" цэгүүдийг 2023 онд байгуулсан. Тус цэгүүдээр дамжуулан иргэд төрийн 45 байгууллагын 585 гаруй үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авч байна.


ХУРДАН цэг Баянхонгор аймгийн Баянхонгор сум нэгдүгээр баг, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Нэгдсэн эмнэлгийн Амбулатори, Баруун бүс худалдааны төвийн нэг давхарт тус тус үйлчилж байгаа юм. 


ХУРДАН цэгүүдээс иргэд 94 төрлийн лавлагаа, тодорхойлолт, гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх зэрэг үйлчилгээг авч буй. Баянхонгор аймгийн Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс 2023 онд 9800, 2024 онд 32.000 үйлчилгээ авсан бол 2025 оны эхний улирлын байдлаар 14.041 үйлчилгээг операторын горимоор авчээ.


Баянхонгор аймаг 90 мянга орчим хүн амтай. Цахим үйлчилгээний хэлтсийн мэдээлснээр тус аймгийн насанд хүрсэн иргэдийн "И-Монголиа" цахим системийн ашиглалт 79 хувьтай байна. Тус дүнгээр Баян-Овоо сум 89 хувьтай тэргүүлж байгаа бол Хүрээмарал сум 61 хувьтай сүүл мушгиж байгаа юм.

相关新闻