ӨМНӨГОВЬ: Үйлдвэрлэл технологийн парк байгуулах төслийг хэлэлцэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-03-27 11:21:02

Даланзадгад, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн удирдлагууд “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзаж, үйлдвэрлэл технологийн парк байгуулах төслийн мэдээлэлтэй танилцлаа.

 

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан 14 мега төсөлд “Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор”-ыг ашиглалтад оруулахаар тусгасан юм.

 

Энэ ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд 6 байршилд төрийн өмчийн орд газрыг түшиглэн нэмүү өртөг шингээж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулахаар төлөвлөжээ.

 

Түүний нэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн чулуун нүүрсний ордыг түшиглэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт кокс-химийн цогцолборын чиглэлээр үйлдвэрлэл технологийн парк байгуулахаар Эрдэнэс монгол нэгдлийн харьяа “Эрдэнэс ҮТП” ХХК ажиллаж байна.

 

Уг үйл ажиллагаатай холбоотойгоор Өмнөговь аймгийн ЗДТГ, ИТХ-ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, уул уурхайн хороо, Газрын харилцаа, хот байгуулалт, дэд бүтцийн хөгжлийн хорооны гишүүд  “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн төслийн менежер болон бусад албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй ажлын баг уулзаж төслийн талаарх танилцуулга, мэдээлэл өгч санал солилцжээ.

 

Уулзалтаар “Эрдэнэс ҮТП” ХХК-ийн зүгээс үйлдвэрлэл технологийн парк байгуулах чиглэлээр орон нутагтай нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн бол аймаг орон нутгийн зүгээс үйлдвэрлэл технологийн парк байгуулах ажлыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.

 

Мөн цаашид уг төслийг хэрэгжүүлэхдээ гадаргын усны асуудлыг шийдвэрлэх эх үүсвэрийг нэн тэргүүнд тавих, ажлын байранд орон нутгийн иргэдийг авч ажиллуулах, орон нутгаас хангамж, худалдан авалт хийх, мэргэжлийн хүний нөөцийг орон нутагт бэлтгэн ажлын байраар хангах, орон нутгийн боловсруулах үйлдвэрийг ҮТП-д байгуулж хамтран ажиллах, аймаг орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах зэрэг асуудалд онцгой анхаарч ажиллахыг аймгийн удирдлагуудын зүгээс хүслээ.

 

相关新闻