СЭЛЭНГЭ: Мал эмнэлгийн албаны команд штабын дадлага сургууль нь цогц тогтолцоог бүрдүүлэхэд чиглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны
гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн албаны команд штабын дадлага
сургууль "Мал, амьтны гоц
халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нь” сэдвийн хүрээнд 2
дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн үйл ажиллагаагаар оролцогчид мал, амьтны
гоц халдварт болон зоонозын халдварт өвчний үеийн цагийн байдлын дагуу ажиллаж
байна.
Штабын дадлагаар үргэлжилж байгаа энэхүү
сургуульд Мал эмнэлгийн ерөнхий газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, Улсын
мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатори, Малын эмийн сорилт
баталгаажуулалтын улсын лаборатори, 21 аймгийн Мал эмнэлгийн газрын нийт 1000
гаруй ажилтан, албан хаагч танхимаар
болон цахимаар хамрагдаж байна.
Сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн
бэлчээрийн ургамлын гарц багасаж, малын тарга тэвээрэг муудаж шилжилт хөдөлгөөн
ихэссэнтэй холбогдуулан малын гоц халдварт өвчин тархах эрсдэл нэмэгджээ. Мөн зэрлэг амьтан,
нисдэг шавжаар дамжин хил дамнан орж ирэх гоц халдварт өвчнүүдийн эрсдэл их байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг
хангах бүрэлдэхүүн хэсгийн хэд хэдэн асуудал мал эмнэлгийн ажил, үүрэгтэй шууд
холбоотой юм. Иймээс мал эмнэлгийн
байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, хариу арга хэмжээг зөв оновчтой
төлөвлөх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах цогц тогтолцоог бүрдүүлэх зорилгоор энэхүү сургуулийг анх
удаа зохион байгуулж байна.
Онцгой байдлын ерөнхий газар, Мал
эмнэлгийн ерөнхий газрын хамтарсан Гамшгаас хамгаалах сургууль өчигдөр өглөөний 4:06 цагт Сэлэнгэ
аймгийн Мал эмнэлгийн албаны бүрэлдэхүүнийг "Цуглар" дохиогоор
ажилуулж бэлтгэл бэлэн байдлыг шалгаснаар эхэлсэн.
Үүгээр аймгийн Мал эмнэлгийн албаны бүрэлдэхүүнийг
бүрэн цуглуулж, хүн нэг бүрийн үүргэвчинд байх зүйлс, автомашин, техник тоног
төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдалд үзлэг зохион байгуулсан. Мөн эхний энэ өдөр
танхимын сургуулилалтаар үргэлжилсэн.
Уг сургуулилалтыг энэ сарын 26-28-ны өдрүүдэд 3
хоног зохион байгуулна.