“Дэлхийн мөнгөний долоо хоног-2025” аян эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-25 12:04:52

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Олон улсын санхүүгийн хамтын ажиллагааны байгууллагаас 2012 оноос эхлэн дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж буй  “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг Монгол Улс 13 дахь жилдээ тэмдэглэж байна.


Энэ жилийн долоо хоногийг “Санхүүгийн зөв шийдвэр-Маргаашийн амжилтын эхлэл” уриан дор дэлхийн 176 оронд өрнүүлж байгаа юм. Аяны хүрээнд сошиал орчин дахь санхүүгийн залилан, луйвраас хэрхэн сэргийлэх, мөн санхүүгийн эрсдэлтэй нөхцөлд сэтгэл хөдлөлөө зөв удирдах талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэхээр төлөвлөжээ.


Энэхүү аяны нээлтийг Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо зохион байгуулав. Үйл ажиллагаанд 300 орчим хүүхэд, залуус оролцож, санхүүгийн эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл авч, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, удирдлагууд хүн амын санхүүгийн боловсролыг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна. Аяныг Монголбанк санаачлан Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпорац хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил Санхүүгийн зохицуулах хороо, Боловсролын Ерөнхий газрынхан нэгджээ.


Аяны хүрээнд оролцогч байгууллагууд хүүхэд, залуус болон тэдний гэр бүлийнхэнд санхүүгийн боловсрол олгох сургалт, мэдээлэл хүргэх ажлыг эрчимжүүлэн ажиллах юм. Ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох “Level-UP” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аймгийн багш, сурагчид энэхүү аянд идэвхтэй оролцож, олон нийтэд мэдээлэл түгээнэ.





相关新闻