БУЛГАН: "Ой бидний амьдралд" контентын уралдааны шилдгүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-03-25 14:29:41

Булган, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Усны өдрийг тохиолдуулан Булган аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс, Булган суман дахь Сум дундын ойн ангитай хамтран "Ой бидний амьдралд" видео контентын уралдааныг аймгийн ахлах ангийн суралцагчдын дунд амжилттай зохион байгууллаа.


Энэхүү уралдаанд аймгийн Засаг даргын дэргэдэх "Хурдан" клубийн гишүүд маш их идэвхтэй оролцсон бөгөөд “Ногоон шийтгэгчид” баг тэргүүн байр, “Галт шувуу” баг дэд байр, “Хавар ирлээ хүүхдүүд ээ” баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.


Тэмцээнд оролцсон багууд өөр өөрийн онцлог сэтгэмжтэй, бүтээлч хандлагаар хийжээ. Тэргүүн байр эзэлсэн "Ногоон шийтгэгчид" багийн тоон мэдээлэл нь баримттай, судалгаа шинжилгээ сайн хийсэн, бичлэгийн шаардлагыг өндөр хангаж, уран сэтгэмжтэй байснаараа онцлогтой байв. 

 

Мөн уралдаанд идэвхтэй оролцсон "Хурдан" клубийн 5 гишүүнд гарын бэлэг гардууллаа. 


Тэмцээнд 40 гаруй сурагчийн 13 видео контент ирснээс эхний 4 байр нь "Хурдан" клубийн хүүхдүүд байгаа нь хамтран үр дүнтэй суралцан хөгжиж буйг харуулж байна. "Хурдан" клуб нь одоогоор 100 сурагчийн гишүүнчлэлтэй байгаа бөгөөд үүнээс 40  сурагч ID инженер болохоор батламжаа аваад байгаа ажээ. 


Ирээдүйд байгаль орчныг хамгаалахад илүү их анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг харуулсан, бидний амьдралд ойн ач холбогдол, хамгааллын чухал үүргийг тусгах зорилго бүхий энэхүү үйл явдал илүү өргөн цар хүрээтэй үр дүнг авчирч, амьдралын эх нь ус, усны эх нь ой учраас ойг хамгаалах, байгаль орчныг хайрлах ухааныг шинэ үеийнхэнд зөв ойлголт, мэдлэг олгоход чухал алхам болж буйг "Хурдан" клубийн багш Н.Ганцолмон ярилаа.


Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор 2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 3 дугаар сарын 21-нд "Олон улсын ойн өдөр"-ийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн билээ.












相关新闻