БУЛГАН: "Би бүжигчин" уралдааныг ахмад бүжигчдийн нэрэмжит болгон зохион байгуулах уламжлал тогтлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-03-24 08:36:01

Булган, 2025 оны гуравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт Гончигдашийн Баасансүрэн багшийн нэрэмжит “Би бүжигчин” ардын бүжгийн анхдугаар уралдааныг Монгол Улсын Төрийн соёрхолт, МУУГЗ найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын Ж.Алтангэрэл багштай Бүжиг ангийн хамт олон амжилттай зохион байгууллаа.


Тус уралдаанд Г.Баасансүрэн багшийн үе үеийн шавь нар болон шавь нарынх нь шавь нар оролцон өргөн хүрээтэй болсон байна. Тухайлбал шавь Бямбаа нь Улаанбаатар хотоос өөрийн клубийн "Хөх чоно" хамтлагаа (давхардсан тоогоор 200 гаруй хүүхэд) авч оролцсон. Шавь Цолмон 30 гаруй хүүхдийг удирдан ирсэн.


Сэлэнгэ аймгийн Мандал сум, Булган аймгийн Булган, Бүрэгхангай, Хутаг-Өндөр, Сайхан сум, Хялганат, Төв аймгийн Заамар сум, Түнхэл тосгон, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум, Говьсүмбэр, Эрдэнэт хот зэрэг олон газраас авьяаслаг бүжигчид оролцлоо.


Энэхүү уралдаан нь 2 жил тутамд 1 удаа Булган аймгийн ХЖТ-ын ахмад бүжигчдийн нэрэмжит болон зохион байгуулах уламжлал тогтоож байгаагаараа онцлогтой боллоо.


Би бүжигчин ардын бүжгийн анхдугаар уралдаанд 5 аймгийн 10-аад сумын 600 гаруй хүүхэд цуглаж, харилцан бие биенээсээ суралцах нутаг нутгийн өнгө хэмнэл, уян налархай хөдөлгөөн, хувцас, ая донж, өвөрмөц ардын бүжгээр наадан их урлагийн тайзнаа наадлаа. 















相关新闻