Том оврын машинууд даац хэтрүүлснээс гүүр эвдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-27 01:27:57

Баян-Өлгий аймагт том оврын машинууд даац хэтрүүлж байгаагаас зарим модон гүүр эвдэрч, дахин дахин засах ажил гарч байна гэж аймгийн  мэргэжлийн хяналтын газар мэдээллээ.

Тус аймгийн нутагт 80 гүүр байдгаас 20 нь бетон гүүр юм. Модон гүүрээр таван тонноос илүү ачаатай машин гатлахыг хориглодог. Таних тэмдэг тавьсаар байхад зарим хариуцлагагүй жолооч нар  үүнийг үл тоож байна. Нөгөө талаар зам, гүүрийг тэмдэгжүүлэх ажил хангалттай явагддаг ч түүнийг тавингуут хүмүүс хулгайлаад аваад явчихдаг гэнэ. Нутагтаа байгаа гүүрэнд орон нутгийн захиргааны байгууллага хяналт тавих ёстой. Цэнгэл, Дэлүүн, Булган, Буянт сумын удирдлага энэ талаар хариуцлагатай ажилладаг ч зам гүүр ашиглалт хангалттай биш байна.

Цэнгэл сум дахь Ховд голын гүүрээр шөнийн цагаар чиргүүлтэй ачаатай машин болон тоосгоны үйлдвэрийн хайрга ачсан машинууд гаталж байгаад эвдсэн тухай мэдээ байна. Дэлүүн сумын Ганц модны гүүрээр даац ихтэй машин гаталж эвдсэнийг илрүүлэн торгууль тавьж, гүүрийг нөхөн засварлуулжээ. Булган сумын Шүвтэрийн модон гүүрээр 24 тоннын жинтэй машин гаталж эвдсэнийг засварлуулж байгаа аж.

Ш.Айзаря

 

相关新闻