БУЛГАН: Арслантын хадны зураг хүрлийн үед холбогддог
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Булган аймгийн Дашинчилэн сумын төвөөс баруун урагш 30-аад километрт оршдог Арслант уулын эврийн бууцны арын хаданд эртний сүг зураг олон бий.
Энд гахай, чоно, буга болон хулан мэт дүрслэгдсэн адуу зэрэг мал адгуус, ан амьтнаас гадна нум сумаар янгир, буга намнагчдыг олноор сийлэн дүрсэлжээ.
Зарим хүн, амьтны эр хүйсийг цохон харуулсан байна. Янгирыг дэгээ хэлбэрийн зэвсгээр толгой дундуур нь цохиж буй дүрслэл ч үзэгдэнэ.
Эдгээрийн дотор хас тамга тэмдгийн эх үүсвэртэй холбон авч үзмээр дөрвөн янгирын нэгэн дүрслэл 20х16 см хэмжээтэй содон сонин.
Энэ дүрслэл зураг бүхий хаднуудын зүүн хойд талын том хадны баруун үзүүрийн дээд тэгш багахан толин дахь бугыг буган хөшөөний сонгодог дүрслэлийн нэг болох нурууг нь дагасан угалзарсан эвэртэйгээр загварчлан илүүтэй тод дүрслэн урлажээ.
Арслантын уулын хадан цохион дээгүүр хүн, амьтны олон тооны сийлмэл зураг, булш, хиргисүүр байдаг ажээ. Зургийн дүрслэл, зохиомж, ур донжоос нь авч үзвэл эдгээр зураг хүрлийн үед холбогдох нь лавтай хэмээн Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал номд дурдсан байна.
Арслантын хадны зураг дахь янгирын дүрслэл