Мандал сумын сургууль “Хүрэл гэрэгэ”-н болзол хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-26 20:45:44

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Эко 3-р сургуулийн хамт олон Эко сургуулийн “Хүрэл гэрэгэ”-ийн болзол хангажээ.

Тус сургууль нь хүрээлэн буй орчны менежментийн ISO 140001:2004 стандартад суурилсан олон улсын эко сургууль хөтөлбөрийн 7 алхамт аргачлалыг амжилттай хэрэгжүүлжээ. Мөн орон нутгийн болон сургуулийн байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үйлсэд өөрсдийн тодорхой хувь нэмэр оруулсан зэрэг амжилтаараа ийнхүү олон улсын эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ”-ийн болзлыг хангаж чадсан байна. Цаашид энэ хамт олон эко сургууль хөтөлбөрийн “Мөнгөн гэрэгэ” авахын төлөө ажиллах зорилго тавьжээ.

2007 оноос Эко-сургуулийн үзэл санаа, арга зүй нь БОАЖЯ, БСШУСЯ-ны бодлогын хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад Швейцарын Хөгжлийн Агентлагын “Цөлжилтийг сааруулах төсөл”-н дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм байна. Монгол Улсад энэхүү хөтөлбөрийг “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв”, “Монголын байгаль орчны консерциум” гэсэн ТББ-ууд хамтран туршин хэрэгжүүлж байгаа аж.

Сэлэнгэ аймгаас хамгийн анхных нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Дорлигсүрэнгийн нэрэмжит Мандал сумын ЕББД 3-р сургууль болоод байна. Энэхүү гэрэгэ олгох үйл ажиллагааг БОАЖЯ, БСШУСЯ, Швейцарын хөгжлийн агентлагийн “Цөлжилтийг сааруулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв”, “Монголын байгаль орчны консерциум” гэсэн ТББ-уудаас хамтран зохион байгуулжээ.  

 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

 

相关新闻