Улаанбаатар халдварт бус өвчнийг бууруулах Азийн загвар хот болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-10-26 20:40:34

Нийслэлийн Засаг даргын орлогч, Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Энхтөр Новартис сангийн Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Роберт Босурги болон Оном сангийн  холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Эрүүл мэндийн яам, Оном сан, Новартис сантай хамтран нийслэлд хэрэгжүүлэх гэж буй артерын даралт ихсэх өвчинтэй тэмцэх төслийн талаар санал солилцов. Тус төсөл нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа артерын даралт ихсэх буюу халдварт бус өвчнийг таслан зогсоох зорилготой юм.

Новартис сан, Оном сан хамтран Монгол Улсад артерийн даралттай тэмцэх хөтөлбөр санаачлан өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн уг өвчлөлийн талаарх судалгааг явуулжээ. Тиймээс цаашид хэрхэн ажиллах талаараа танилцууллаа. Новартис сангийн Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Роберт Босурги хэлэхдээ, “Бид шинжлэх ухаан, баримт нотолгоонд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Халдварт бус өвчнөөр нас баралт маш их болсон. Улаанбаатар хотод энэ төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд бэлэн боллоо. Энэ хөтөлбөр зөвхөн  Новартис сан, Оном сангийн хөтөлбөр бус нийслэлчүүдэд үлдэнэ гэж үзэж байна" гэлээ.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч  Д.Энхтөр “Халдварт бус өвчин нэмэгдэх боллоо. Та бүхний хэрэгжүүлэх хөтөлбөр манай улсын иргэдэд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна. Өвчлөлөөс урдчилан сэргийлэх, бууруулах зэрэгт Улаанбаатар хотын Эрүүл мэндийн газар харьяа байгууллагуудтайгаа хамтран ажилладаг. Нийслэлийн зүгээс та бүхний хөтөлбөрийг бүрэн дүүрэн дэмжиж ажиллах болно" хэмээн онцлов.

 Артерын даралт ихсэх буюу халдварт бус өвчинтэй тэмцэх төслийг олон улсын түвшинд гурван улс сонгон хэрэгжүүлж буй гэнэ. Азид Монгол Улс хэрэгжүүлж буй бөгөөд халдварт бус өвчнийг бууруулах Азийн загвар хот болох боломжтой гэдгийг Оном сангийн төлөөлөл хэлж байлаа.

 Б.Заяа

 

相关新闻