Нийтийн байрнаас 26 төрлийн 7985 зөрчил илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийтийн байрны орчин, нөхцөл байдалд хяналт шалгалт хийжээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 770 нийтийн байр байдгаас 754 нь иргэнд, үлдсэн нь аж ахуйн нэгжид бүртгэлтэй байна.
Энэхүү шалгалтаар нийтийн байрны эрүүл ахуй, гал болон цахилгааны аюулгүй байдал, эрүүл ахуйн халдвар хамгаалал зэрэг нь шаардлага хангаж буй эсэхийг хянахад нийт 26 төрлийн 7985 зөрчил илэрчээ. Эдгээрийн дийлэнх нь буюу 75 орчим хувь гэмт хэрэг, хэв журмын зөрчил бол үлдсэн нь галын аюулгүй байдал, эрүүл ахуй, барилга байгууламжийн нөхцөл шаардлага хангаагүйтэй холбоотой аж. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж буй байрнаас 285 нь татвар төлж байна. Мөн галын аюулгүй байдал алдагдсан 5730 зөрчил илэрсний 2.3 хувийг газар дээр нь шийджээ.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлтийг боловсруулна гэж НЗДТГ-аас мэдээлэв.