БАЯНХОНГОР: Таван нүдэн хээн дүрслэлтэй ган дөрөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-03-10 09:31:52

Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. 1930 онд олноо Дархан цоохор хэмээн нэрлэгдсэн Д.Дагвын урласан бүтээл "Сийлбэртэй ган дөрөө" нь Баянхонгор аймгийн Түүх, угсаатны зүйн музейн үнэт үзмэрүүдийн нэг юм. Дархан цоохор Сайн ноён хан аймгийн хошуу ноён вангийн хошуу Жамьяан вангийн хошуу, одоогийн Баянхонгор аймгийн Заг сумын харьяат хүн байв.


Уг сийлбэртэй ган дөрөөний өндөр нь 17 см, өргөн нь 15 см, таваг нь таван нүдэн хээн дүрслэлтэй, тавгийн огтлол 14.8x13.5 см, зузаан хөвөөтэй, монгол дархны ган ширээх урлагийн томоохон бүтээлийн нэг болох онцлогтой.


Ган дөрөө нь дахин давтагдашгүй ур хийцээрээ гайхагдаж дараах шагналуудаар шагнагдсан байна.

- 1976 онд Заг сумын иргэн Цэмбэлийн Нармандах музейд бэлэглэжээ.

- 1983 онд Ардын урлагийн наадмаас Алтан медаль

- 1992 онд Баянхонгор аймаг байгуулсны 50 жилийн ойгоор Алтан медаль, диплом

- 2006 онд Их Монгол Улс байгуулсны 800 жилийн ойгоор Төв аймгийн Сэргэлэн суманд болсон морины үзэсгэлэнд оролцож шилдэг үзмэрийн өргөмжлөл, мөнгөн шагнал хүртэж байжээ. 


Уран дархны хувьд гайхамшигтай урлал болох нь их нарийн урласан луун хээнд оршино. Луу бол тэнгэрийн гаралтай амьтан, ертөнцийн дөрвөн хүчтэний нэг. Дөрвөн хүчтэн гэдэг ойлголт анх Энэтхэг, Хятадад анх үүссэн бөгөөд 16 дугаар зууны үед шарын шашин Монголд дэлгэрэхэд сүм хийдийн чимэглэлд дөрвөн хүчтэнийг хэрэглэх болж, баганыг луугаар ороож, сүмийн үүдэнд арслангийн баримал, хаадын ширээг луу, хангардиар чимэглэж байжээ. Ийм амьтнаар чимсэн хээтэй гайхамшигтай ховор олдворуудын нэг болж, бид бахархах өв соёлтой хүмүүс гэдгийг баталж байгаа юм.


Төмрөөр урлах ухаан нь Төв Азийн нутагт олон зууны туршид оршин амьдарч ирсэн манай ард түмний бүтээсэн оюуны болон эд өлгийн соёлын нэг. Төмөр урлал нь тухайн нийгмийн хөгжил, хэрэгцээ шаардлага, ард түмний гоо сайхны таашаал сонирхолтой уялдан хөгжиж иржээ. Монгол урчууд төмөрлөгийг таньж мэдсэнээр хатаах, өнгөлөх, арвижуулах, ширээх, хайлах, бордох зэрэг олон аргыг эзэмшин боловсруулж ирсэн байна.


Монголчуудын адууны соёлтой холбоотой чухал тоног хэрэгслийн нэг нь дөрөө. Морь, малд мордох, унаж явахад зориулсан эмээл, тохошны нэгэн эдлэл эмээлийн дөрөөг ган, ширэм, гууль, мод, төмөр болон бусад олон төрлийн эдээр хийх бөгөөд дөрөөг монгол, жийжүү, хавирган хэмээн хэлбэр хийцээр нь ялгана. Эмээлийн дөрөөг ган, ширэм, гууль зэргээр урладаг бөгөөд дөрөөг монгол жийжүү, хавирган хэмээн хэлбэр хийцээр нь ялган нэрлэдэг уламжлалтай.

相关新闻