СЭЛЭНГЭ: Эрүүл сүрэгтэн амжилтаараа улсын аварга малчин болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-02-28 12:00:50

Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн малчин М.Эрдэнэтогтох 2004 оноос хойш гэр бүлийн хамт 21 дэх жилдээ мал аж ахуйн салбарт мал маллаж яваа удам дамжсан малчин юм.

 

Тэрбээр баяд үүлдрийн хонь өсгөн үржүүлж байгаа. М.Эрдэнэтогтох жилд 10 гаруй удаа оторлон малдаа тарга хүч суулгаж, мал үржлийн байгууллагаар мал сүргээ бүртгэлжүүлэх, өсвөр хээлтүүлэгч бойжуулах, мал эмнэлэг үйлчилгээний нэгжтэй хамтран ажиллах гэрээг тогтмол хийж ажилладаг онцлогтой.

 

Мөн малаа эрүүлжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, малаас хүнд халдварладаг сүрьеэ, бруцеллёз, лейкоз өвчний мал эмнэлгийн лабораторийн шинжилгээ тандалтад байнга хамрагдаж, малаа эрүүл байлгахад онцгой анхаарч эрүүл сүрэгтэн малчин болжээ.  

 

Түүнчлэн мал аж ахуйн их өв соёлыг өвлөн уламжилж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй эрхэлж, баяд үүлдрийн хонийг цэврээр үржүүлж, ашиг шимт чанаруудыг нь батжуулжээ.

 

Мөн байгаль цаг уурын эрс тэс уур амьсгал бүхий бүс нутгийн хонин сүргийн тэсвэрт чанарыг дээшлүүлж, биологийн чадамжийг сайжруулан мах, ноосны ашиг шимийг нэмэгдүүлсэн амжилтаараа 2019 онд аймгийн аварга малчнаар шалгарч байжээ.

 

М.Эрдэнэтогтох мал аж ахуйн салбарт оруулж буй өөрийн амжилтаа улам бататган ийнхүү могой жилийн босгон дээр улсын аваргын эгнээнд нэгдлээ.

 

Баяд үүлдрийн нийт хонины 30 гаруй хувь нь хар бараан толгойтой, цагаан зүстэй байдаг бөгөөд биеийн хэсгүүд нь тэнцүүхэн хөгжсөн чийрэг бие цогцостой, тэсвэр хатуужил сайтай юм.

 

Мөн тус хонины хуцны 78 хувь, эм хонины 47 хувь нь эвэртэй, борвио хүрэхгүй богино дугираг хэлбэрийн өөхөн сүүлтэй, мах-өөх-ноосны хэвшилтэй байдаг.

 

Түүнчлэн байгаль экологийн эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалын нөхцөлд цас тээж бэлчээр ашиглах, хүйтнийг даах өлчир зэрэг амьдрах чадвар сайтай, бэлчээрээр тарга хүчээ хурдан авч, түүнийгээ сайн хадгалдаг зэрэг онцлог давуу чанартай хонь юм.




相关新闻