СЭЛЭНГЭ: Бие, бялдрын түвшин тогтоох сорилын төв нээлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар
сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний
хөдөлгөөн, “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Бие бялдрын түвшин
тогтоох сорилын төв”-ийг үе шаттай байгуулж байна.
Эхний ээлжид нийслэлд хоёр,
орон нутагт хоёр төв үйл ажиллагаагаа эхэлж байгаагийн нэг нь Сэлэнгэ аймаг юм.
“Бие бялдрын түвшин тогтоох
сорилын төв” нь иргэдийн түвшин тогтоох сорилыг хүний хүчин зүйлээс ангид,
орчин үеийн тоног төхөөрөмжөөр тодорхойлж, иргэдийн бие бялдрын ажиллах чадвар
болон биеийн бүтцийг бүх талаар тодорхойлоход чиглэж байна.
Мөн иргэдэд эрүүл, зөв
амьдралын дадал, зөв хэвшилтэй болох, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн
хийх талаар бүрэн мэдлэг олгох юм.
Энэхүү төвөөр үйлчлүүлэгч иргэд
цусны даралт, зүрхний цохилт, биеийн өндөр, биеийн бүтцийг тодорхойлогч, гарын
булчингийн хүч, их биеийн болон хөлийн булчингийн хүчийг хэмжих юм.
Түүнчлэн биеийн уян хатан байдал,
хурдны чанарыг хэмжих, хөдөлгөөний авхаалж самбаа, зүрхний ачаалал даах чадвар
хэмжих зэрэг тоног төхөөрөмжид сорил өгөх боломжтой юм.
Уг төвийг байгуулснаар:
-Хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилын үр дүнд, заавал биелүүлэх норм, нормативыг насны ангиллаар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үр дүнг тогтоох
-Хувь хүний амьдралын хэв
маяг, бие бялдрын ерөнхий үзүүлэлтийг үндэслэн зөв зохистой хооллолт, шим
тэжээлийн хэрэгцээ, идэвхтэй дасгал хөдөлгөөний зөвлөмж өгөх
-Бүх шатны боловсролын
байгууллагын биеийн тамирын сургалтыг хүүхэд, залуучуудыг чийрэгжүүлэх, бие
бялдрын хөгжлийг хангах гол хэрэгсэл болгон хөгжүүлэх
-Өсвөр, залуучуудын бие
бялдрын үзүүлэлт дээр үндэслэн тухайн хүүхэд ямар спортоор хичээллэх боломжтойг
тодорхойлох
-Аймаг, нийслэл, дүүргүүд
Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн тамирчдыг сонгон шалгаруулах,
тамирчдын бэлтгэлжилтийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх
-Тамирчдын тив, дэлхий,
олимпын тавцанд өрсөлдөх чадвар, амжилтыг шинжлэх ухааны үндэслэлтэй
нэмэгдүүлэх
-Төр хувийн хэвшлийн түншлэлд
суурилсан уян хатан тогтолцооны эхлэл тавигдах зэрэг үр дүнтэй юм.
Энэ сарын 24-ний өдөр болсон нээлтийн ёслолд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Биеийн тамир, спортын улсын хорооны Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга О.Баасан, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Биеийн тамир, спортын газрын дарга У.Батмөнх болон аймгийн хэлтэс, агентлагын дарга, 17 сум, 6 тосгоны засаг дарга, засаг даргын тамгын газрын дарга нар оролцлоо.