Т.Шаламе “SAG Awards”-ын шагналыг хүртсэн хамгийн залуу жүжигчин боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2025-02-25 16:45:37

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 25 /Variety/. Тимоти Шаламе Screen Actors Guild Awards” наадмын гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн хамгийн залуу жүжигчин болжээ. 


Өдгөө 29 настай Т.Шаламе өнгөрсөн оны 12 дугаар сард кино театруудын дэлгэцнээ гарсан Жеймс Мэнголдын найруулсан хөгжимчин Боб Диланы тухай "A Complete Unknown" гэдэг намтарчилсан кинонд бүтээсэн дүрээрээ уг шагналыг хүртсэн байна. Энэ төрөлд Адриен Броуди (Brutalist), Дэниел Крейг (Queer), Колман Доминго (Sing Sing), Рэйф Файнс (The Clave) нар өрсөлджээ. 


Өмнө нь, 1996 онд “SAG Awards”-ын шагналыг Николас Кейж 32 настайдаа хүртэж байв. Тухайн үед тэрбээр Майк Фиггисийн "Leaving Las Vegas" кинонд бүтээсэн дүрээрээ уг шагналыг хүртэж байсан юм.


Энэ оны "SAG" наадмын "шилдэг эмэгтэй жүжигчин" шагналыг Деми Мур "Substance" киноны дүрээрээ хүртжээ. Наадмын дээд шагнал болох “шилдэг жүжигчдийн баг”  шагналыг "Сonclave" кино,  "шилдэг эрэгтэй туслах дүр"-ийн шагналыг Киран Калкин (A Real Pain), "шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн шагналыг Зое Салдана (Emilia Pеrez) нар тус тус хүртжээ. "Инээдмийн олон ангит киноны шилдэг жүжигчдийн баг”  шагналыг "Only Murders in the Building" шоу, Драмын киноны “шилдэг жүжигчдийн баг”  шагналыг "Шогун" төсөл хүртжээ.


相关新闻