ЗАВХАН: Таеквондогийн тэмцээний хамгийн бага нь таван настай оролцогч байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-02-24 15:53:18

Улиастай, 2025 оны хоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Завхан аймагт олон улсын таеквон-догийн нээлттэй тэмцээнд 300 гаруй тамирчин өрсөлджээ.


Завхан cup тэмцээн энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улиастайд болж 21 байгууллагын 300 гаруй тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулсан байна.


Тэмцээний шилдэг шүүгчээр М.Отгонбаяр, шилдэг эрэгтэй тамирчнаар Цэцэн шонхор клубийн тамирчин О.Мөнххүслэн, шилдэг эмэгтэй тамирчнаар Цэцэн шонхор клубийн тамирчин А.Анударь нар шалгарчээ.


Багийн дүнгээр Улиастайн Цэцэн шонхор клубийн тамирчид 22 алтан медаль хүртэж тэргүүлжээ. Этүгэний шонхрууд клубийн тамирчид 20 алтан медаль хүртэж хоёрдугаар байр, Мөнх хөх сүлд клуб 16 алтан медаль хүртэж гуравдугаар байрт шалгарсан байна. Олон улсын таеквондогийн нээлттэй тэмцээнд Улаанбаатар хот, дөрвөн аймгийн тамирчид оролцсон байна.


Нээлттэй тэмцээн 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд 5-17 насны хүүхдүүд таван насны ангиллаар өрсөлдсөн байна. Түль, тулаан, онцгой техник, эргэлттэй өшиглөлт, хурдан өшиглөлт гэсэн 5 төрлөөр 198 багц медалийн төлөө тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьж шилдгүүд тодорлоо гэж Завхан аймгийн Биеийн тамир спортын газраас мэдээлэв. 

Нээлттэй тэмцээний шагнал батламжийг уйгаржин монгол бичгээр бичжээ


Тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Цэцэн шонхор клубийн тамирчин О.Мөнххүслэн шалгарчээ


Тамирчид түль, тулаан, онцгой техник, эргэлттэй өшиглөлт, хурдан өшиглөлт гэсэн 5 төрлөөр өрсөлджээ

相关新闻