ЗАВХАН: Бог малын зохиомол хээлтүүлгийн мэргэжилтнүүдийг орон нутагтаа бэлтгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн Дөрвөлжин сум бог малын зохиомол хээлтүүлгийн техникч бэлтгэх сургалтыг
улсын хэмжээнд анх удаа зохион байгуулжээ.
Малын зохиомол хээлтүүлэг гэдэг нь удам зүйн хувьд бусдаас давамгай үржлийн үнэт чанар бүхий шилмэл хээлтүүлэгчээс технологийн дагуу үрийг нь авч, хадгалаад хээлтэгч малын орооны үед үр тогтоох зорилгоор нөхөн үржихүйн эрхтэн системд зохиомлоор шахах арга ажиллагаа юм.
Энэхүү арга нь шилмэл
хээлтүүлэгчийн тоо толгойг олшруулахад ашигладаг биотехнологийн шинжлэх
ухааны хамгийн хямд, хялбар арга бөгөөд гэрийн тэжээвэр амьтны удам зүйг
сайжруулахад өргөн хэрэглэдэг.
Зохиомол хээлтүүлэг нь олон давуу талтай. Тухайлбал, шилмэл хээлтүүлэгчийн удам зүйн дэвшлийг богино хугацаанд олон тооны хээлтэгч малд хүртээн ашиг шим сайтай олон малтай болох боломжийг бүрдүүлдэг. Дур зоргын хээлтүүлэгт нэг бухыг сайндаа л 3-5 жил ашиглаж, хамгийн ихдээ 200 тугал авах боломжтой бол зохиомол хээлтүүлэгт ашиглах шилмэл бухаас 200000-250000 тугал авах боломж бий. Сургалтад оролцогчид энэ мэт шинжлэх ухааны олон арга туршилтуудыг хийж болох мэдээллийг сурч мэдэж авсан байна.
Мөн зохиомол хээлтүүлгийн үр дүнд гарсан төлийн ашиг шим өмнөх үеийнхээс илүү байдаг. Учир нь үржлийн үнэт чанараар үнэлэгдэж үр удамдаа үржил, ашиг шимийн сайжралтыг баттай удамшуулах шилмэл хээлтүүлэгчийн үрийг ашигладаг.
Үргүйдэл, сувайралтын үндсэн шалтгаан болох нөхөн үржихүйн замын өвчин эмгэг дамжин халдварлахаас найдвартай урьдчилан сэргийлдэг. Учир нь эрүүл мэндийн бүрэн үзлэгт оруулсан эрүүл гэдэг нь баталгаажсан шилмэл хээлтүүлэгчээс ариун цэвэр, эрүүл ахуйн чанд дэглэмийн дор авсан үр ашигладгаас гадна зохиомол хээлтүүлэг хийхдээ нэг удаагийн хэрэглээний цэвэр бээлий, гуурс зэргийг хэрэглэдэг. Үржүүлгийн бусад аргаас хямд зардалтай гэдгээрээ онцлогтой юм.
Сүрэгтэй ердийн хээлтүүлэгт ашиглах
бухыг 3-5 жил байлган, тэжээж, арчлан сувилах, маллах зардал малчнаас гарахгүй.
Хээл авалтын хувь өндөр. Үнээг хээлтүүлсэн хугацаа тодорхой тул саалинд
хамрагдах хугацаа, ширгэлт, төллөлт гэх мэт аж ахуйн менежментийг зөв
төлөвлөхөд боломжтой гэдгээрээ давуу юм. Энэ удаагийн сургалт нь 24 цагийн
онол, 48 цагийн дадлагын хичээлийг орж, орон нутагт 7 хоног үйлдвэрлэлийн
дадлага хийж мэргэшүүлэн сертификат олгосноороо онцлогтой болов.
Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, ялангуяа малын үүлдэр угсааг чанаржуулах, эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд бидний хамтын оролцоо чухал юм.
Тиймээс ч манай улс хүн амынхаа хүнсний хэрэгцээг хангах, хүнс, хөнгөн үйлдвэрийн түүхий эдийн найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх. Арвин ашиг шимтэй малын тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор зохиомол хээлтүүлгийн аргыг 1953 онд анх нэвтрүүлж байсан. 1958 онд “Малын зохиомол хээлтүүлгийн төв станц”-ийг байгуулснаар одоогийн Малын удмын сангийн үндэсний төвийг суурийг тавьсан. Дөрвөлжин сумын удирдлагууд дээрх сургалтыг орон нутагтаа үр дүнтэй зохион байгуулах бүх талын дэмжлэгийг үзүүлж, малын зохимол хээлтүүлгийг турших суурийг тавьсан нь сайшаалтай юм.
Завхан аймгийн мал аж ахуйн
мэргэжилтнүүдийг чадавхжуулах, малын зохиомол хээлтүүлгийн техникч бэлтгэх
сургалтыг Дөрвөлжин сумын ЗДТГ-аас хөрөнгө оруулалтыг нь дэмжиж, аймагтаа
төдийгүй, улсдаа анхдагч болж амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг аймгийн
Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал аж ахуйн хэлтэс, 24 сумын хөдөө аж ахуйн тасгийн
мэргэжилтнүүдийг хамруулснаараа онцлог боллоо. Сургалтыг Малын удмын сангийн үндэсний төв, Завхан аймгийн Хүнс, хөдөө аж
ахуйн газар, Үржлийн шилмэл сүрэг хоршоо хамтран дэмжиж оролцлоо гэж Завхан
аймгийн Хөдөө аж ахуйн тасгийн Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний Дөрвөлжин
сум дахь хяналтын улсын байцаагч О.Мөнхбаатар мэдээлэв.
Ташрамд ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төв нь энэ онд 8500 гүн хөлдөөсөн үрээр 4200 орчим мах, сүүний үхэрт зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ үзүүлжээ. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжүүдийн малын удмын сан, ашиг шимийг нэмэгдүүлсэн байна.

Сургалтад оролцогчид туршилт судалгааг хийв

Сургалтад оролцогчид Дөрвөлжин сумын Буурал багт зохиомол хээлтүүлгийг дадлага ажлаар хийжээ
Ulaanbaatar