П.Эрдэнэзул: Аавынхаа үлдээсэн хуучир хөгжмийг өвлөн уламжилж, бусдад зааж сургаж явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-20 12:46:13

Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Иххэт сумын Соёлын төвийн хөгжмийн багш П.Эрдэнэзул үндэсний хөгжмийн дугуйланг хичээллүүлж, сумынхаа сургуулийн 50 гаруй сурагчийг бэлтгэж байна.


Ятга, ёочин, хуучир гээд үндэсний хөгжмийн 20 төрлөөр хүүхдүүдэд хоёр ээлжээр дугуйлан хичээлүүлж, жил бүр зохион байгуулдаг аймгийн хүүхдийн “Яргуй” наадамд хүүхдүүдийг тогтмол бэлтгэн амжилт гаргаж байна.


Ард түмэнд ардын дуу болтлоо хоногшсон “Хөөрхөн борлог” дууны аялгууг түүний аав Иххэт сумын уугуул, хөгжмийн зохиолч Дашдонойн Пунцагбал гэдэг хүн зохиожээ. Хүүхэд байхад нь тэднийх “Чөлөөт цаг” гэдэг хамтлаг байгуулж гэр бүлээрээ үндэсний хөгжим тоглодог байв.




Энэ тухай тэрбээр, "Би урлагийн гэр бүлд өссөн. Аав минь бидэнд үндэсний хөгжим зааж сургадаг байсан. Аав хуучир, баян хуур, ээж шанз, ах морин хуур, эгч ёочин, би хуучир болон бусад хөгжмийг сэлгэн тоглодог байв. Сумын соёл урлагийн өдрүүд, шинэ жил, баярын концерт гээд урлаг соёлын олон ажилд манай гэр бүл идэвхтэй оролцдог байж билээ.


Аавынхаа урласан гар хийцний хуучир хөгжмийг өвлөн уламжилж тухайн үед урлагийн үзлэгт оролцож алтан медаль авч байсан. Одоо ч аавынхаа үлдээсэн хөгжмийг нандигнан хайрлаж, хөгжмийн дугуйлангийнхаа сурагчдад зааж сургаж, өвлөн уламжлуулж байна.


Үүнээс гадна сурагчдад ардын болон уртын богино дууны дугуйлан хичээллүүлдэг. Ардын дуутай холбоотой бүх төрлийн ном, сурах бичгийг цуглуулж нот болон бусад хэлбэрээр гарын авлага болгон ашиглаж, хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгож байгаа” гэлээ.

 


相关新闻