ӨМНӨГОВЬ: Нийт нутгийн 10 хувьд зудын эрсдэл их байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны хоёрдугаар сарын 21/МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт ОБЕГ-ын дарга, УОК-ын орлогч дарга, хошууч генериал Г.Ариунбуянаар ахлуулсан шуурхай ажлын баг 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр ажиллалаа.
Тус ажлын баг аймгийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай танилцаж, малын халдварт өвчний нөхцөл байдлын мэдээллийг авч, Өмнөговь аймгийн Онцгой комиссын гишүүдэд үүрэг чиглэл өглөө.
Өмнөговь аймгийн хэмжээнд зудын эрсдэлийг нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үнэлэхэд, нийт нутгийн 10 орчим хувь их, 26 хувь дунд, 44 хувь бага эрсдэлтэй, 24 хувь нь эрсдэлгүй гэсэн тооцоолол гарсан байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг Өмнөговь аймаг хариуцлагатай сайн хангаж, 2023 онд 1340 тн өвс, 615 тн тэжээл, 2024 онд 2930 тн өвс, 1243 тн тэжээлийг орон нутгийн төсвөөр шийдвэрлэж 600 мянга гаруй толгой мал зудад хорогдох эрсдэлтэй байсныг 56 мянган толгой хүртэл бууруулж малчдад үүсэж болох эдийн засгийн хохирлоос сэргийлэн өвөлжилтийг 88,3 хувиар биелүүлэн ажилласан нь жишиг ажил гэдгийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян онцлон хэллээ.