ӨМНӨГОВЬ: Тэмээний ноосоор олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-31 16:47:32

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. Түмэн тэмээний баярын үйл ажиллагаа хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ.

 

Баярын хүрээнд говийн онцлогийг харуулсан олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм.

 

Тус үйл ажиллагааны гол зорилго нь тэмээн соёлыг түгээн дэлгэрүүлэх, амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээнээс гарган авч буй түүхий эд, бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх юм.

 

Говийнхон тэмээний ноосоороо төрөл бүрийн бүтээгдэхүүнийг өрхийн хэмжээнд үйлдвэрлэж хөгжүүлсээр ирсэн.

 

Тэдний дундаас “Галбын говь” лакшэри брэнд нь тэмээний ноосон хувцасны үйлдвэр болтлоо хөгжжээ.


 

Тэгвэл тус үйлдвэр түмэн тэмээний баярын үзэсгэлэн худалдаанд галбын говийн тэмээний ноосон хувцасны “Галбын говь” брэнд бүтээгдэхүүнээрээ оролцож байна.

 

Энэхүү үйлдвэр нь Ханбогд суманд 2012 оноос хойш үйл ажиллагаа явуулж ноос ноолууран бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, өнөөдөр ийнхүү өөрийн брэндийг бий болгон зах зээлд нийлүүлж байгаа юм.

 


Орон нутгийн ЖДҮ-ийг дэмжих төсөлд хамрагдаж тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн орчин үеийн загвар, хийц, өнгө төрх бүхий тансаг брэндийн оймс, бээлий, малгай, ороолт, жилет, бүслүүр, хөнжил зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. 




相关新闻