Неймар "Сантос" клубтэй гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-01-31 09:58:22

БРАЗИЛИА, 2025 оны нэгдүгээр сарын 31 /TASS/. Бразилын шигшээ багийн довтлогч Неймар “Сантос” клубтэй гэрээ байгуулсан тухайгаа пүрэв гарагт “Instagram” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. 


Саудын Арабын “Аль-Хилал” клуб бразил довтлогчтой байгуулсан гэрээгээ цуцалсан тухай өмнө нь мэдэгдсэн. Неймар тус клубт 2023 оны наймдугаар сараас хойш тоглосон юм. 


Тэрбээр “Аль-Хилал”-д ирэхээсээ өмнө Францын ПСЖ багт хүчин зүтгэж байв. Францын клуб 2017 онд түүнийг “Барселона”-гаас 222 сая евро буюу дэлхийн хөл бөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнээр багтаа авч байлаа. Неймар ПСЖ -гийн бүрэлдэхүүнд тоглож байхдаа Францын аваргаар 5 удаа, Супер цомын эзнээр 4 удаа шалгарч, Францын цомын тэмцээнд 3 удаа, Лигийн цомын тэмцээнд 2 удаа түрүүлсэн байна.


Харин “Барселона”-гийн бүрэлдэхүүнд Испанийн аваргаар 2 удаа, Испанийн цомын аваргаар 3 удаа шалгарч, Аваргуудын лиг, УЕФА-гийн Супер цомын ба клубүүдийн ДАШТ-нд тус бүр 1 удаа түрүүлж байв.


Неймар хөлбөмбөгчний замналаа Бразилын “Сантос” клубт эхлүүлж, Бразилын цом ба Либертадосын цомын тэмцээнд түрүүлж байжээ. Тэрбээр Бразилын шигшээ багийн түүхэн дэх шилдэг довтлогч /79 гоол/ юм. Тэрбээр үндэсний шигшээ багийнхаа төлөө 128 тэмцээнд оролцжээ. 



相关新闻