Татварын багц хуулийн талаарх цуврал хэлэлцүүлэг өрнөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны нэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын 2024 оны 292 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсэг, Төсвийн байнгын хороо хамтран “Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлага” сэдвээр цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болсон.
Энэ хүрээнд “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн
хэрэгжилт” сэдэвт эхний хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болов. Татварын багц
хуулийн хэрэгжилттэй танилцаж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох
хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн
Х.Ганхуяг хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрбээр татварын
багц хуулиудын шинэчилсэн найруулгыг 2020 оноос мөрдөж эхэлсэн. Тухайлбал, Аж
ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгаар татварын
хялбаршуулсан тогтолцоог бүрдүүлсэн ч зарим зохицуулалт татвар төлөгчдөд таатай
бус, дарамт ихтэй, үр дүнгүй байгаа гэсэн санал гомдол ирүүлсээр байгааг хэлэв.
Хэлэлцүүлэгт “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай
хуулийн хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ” сэдвээр
Татварын ерөнхий газрын орлогч дарга Р.Мягмаржав, Сангийн яамны Татварын бодлогын газрын
мэргэжилтэн Б.Энхжин нар тус тус танилцуулга хийв. Р.Мягмаржав дарга
танилцуулгадаа, 1992
оноос татварын багц хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн өөрчлөлт бүрд татварын
хувь, хэмжээ борлуулалтын орлого, татвар ногдуулах орлогынхоо түвшнээс
хамаараад нэлээдгүй өөрчлөлт орж ирснийг дурдаад, аж ахуйн нэгжийн орлогын
албан татвар олон улсын дундаж татвар хувь, хэмжээ 21.2 хувьтай байдаг. Нийтлэг
хувь, хэмжээгээрээ олон улсад 20-25 хувьтай байна. Монгол Улсын хувьд хүчин
төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор хялбаршуулсан буюу 50 сая хүртэлх
борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд ямар нэгэн зардал хасахгүйгээр
борлуулалтын орлогоосоо 1 хувийн татвар төлж байна. Харин 3-6 тэрбум хүртэлх
борлуулалтын орлоготой компаниуд 10 хувь, 6 тэрбум төгрөөс дээш орлогын дүнд 25
хувийн татвар төлж байгааг мэдээлэлдээ дурдлаа.
Сангийн яамны Татварын бодлогын газрын мэргэжилтэн Б.Энхжин, 2023 оны байдлаар бизнес эрхлэгчдийн хүрээнд 158 мянга гаруй аж ахуйн нэгжийг хамруулан судалгаа хийхэд нийт төлж байгаа татварын хувьд дундаж ачаалал нь 10.1 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгж орлогынхоо ийм хувийг татварт төлж байна гэсэн үг. Бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд 5-6, томоохон аж ахуйн нэгжийн хувьд 12.8 хувийн татварын ачаалалтай байна. Салбараар нь авч үзвэл уул уурхай 19.2, худалдаа буюу нийт аж ахуйн нэгжүүдийн 36.4 хувь нь 7.3 хувь, хүнс, хөдөө аж ахуй 4.3, барилга 5.3, цахилгаан эрчим хүчний салбар 4.3 хувийн тус тус татварын ачаалалтай байгааг танилцуулгадаа онцлов.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс татварын
шинэчлэлийг хийхдээ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хүний нөөцийн
асуудалд анхаарах, татварын тэгш, шударга зарчмыг хангахад чиглэсэн бодлогыг
хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн татварын хууль тогтоомжид даатгалын салбартай
холбоотой зайлшгүй шинэчлэх шаардлагатай зохицуулалтууд байдаг тул эл салбарын
хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, одоо хэрэгжиж буй хуулийн хүрээнд жижиг татвар
төлөгчид орлогоо нуух нөхцөлийг бүрдүүлж буйд анхаарах, татвар төлдөггүй
иргэдийг илүүтэй хамруулахад оновчтой шийдэл гаргах, үндэсний үйлдвэр
эрхлэгчдэд татварын уян хатан бодлого, зохицуулалтыг чиглүүлэх нь зүйтэй гэсэн
саналуудыг хэлж байлаа. Үүгээр хэлэлцүүлэг түр завсарлав.