Аушвицийг чөлөөлсний 80 жилийн ойн ёслол боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-01-28 11:31:34

БЕРЛИН, 2025 оны нэгдүгээр сарын 28 /NPR/. Польшийн Аушвиц-Биркенаугийн хорих лагерь байсан газарт даваа гарагт дэлхийн удирдагчид болон Холокостоос амьд үлдсэн олон арван хүн цугларч, Дэлхийн II дайны төгсгөлд Зөвлөлтийн цэргүүд тус лагерийг чөлөөлсний 80 жилийн ойг тэмдэглэжээ. Амьд үлдсэн хүмүүс нас дээр гарч байгаа тул энэхүү ёслолыг Аушвицийг чөлөөлсний ойн сүүлчийн томоохон ёслол гэж үзэж байна.


Ёслолд оролцсон хүмүүсийн дунд 1945 оны нэгдүгээр сарын 27-нд Аушвицээс чөлөөлөгдсөн 7000 хүний нэг болох тухайн үед 6 настай байсан Това Фридман байлаа. Өдгөө 86 насыг зооглож буй тэрбээр Нью-Жерси дэх гэрээсээ Польшийг зорин иржээ. Т.Фридман Associated Press агентлагт хэлэхдээ “Дэлхий ертөнцөд дахин хямрал нүүрлэж, маш их үзэн ядалт, үл итгэлцэл бий болж байгааг би харж байна. Хэрэв бид үүнийг зогсоохгүй бол байдал улам бүр дордож магадгүй, дахин аймшигтай сүйрэл гарч болзошгүй” гэлээ.


Дэлхийн II дайны үед Германы эзлэн түрэмгийлсэн Польшийн өмнөд хэсэгт нацистуудын байгуулсан хорих лагерь болох Аушвицэд 1 сая гаруй хүн амиа алдсан бөгөөд тэдний дийлэнх нь еврейчүүд байсан билээ. Нацистууд мөн польшууд, цыганууд, Зөвлөлтийн олзлогдсон цэргүүд, ижил хүйстнүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг устгаж байв.


Даваа гарагт Польшийн Освенцим хотод болсон ёслолд АНУ-аас Ерөнхийлөгч Д.Трампын Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стив Уиткофф тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Тэрбээр энэ сард Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


Даваа гаргийн ёслолд Германы Канцлер Олаф Шольц, Их Британийн хаан III Чарльз, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон зэрэг удирдагчид оролцсон байна.


Ёслолын өмнө Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда телевизээр үг хэлж, Аушвицийн хуучин талбайд болсон ёслолын үеэр амьд үлдсэн хүмүүсийн хамтаар “Үхлийн хана гэгддэг газарт цэцэг өргөжээ. Амьд үлдсэн хүмүүсийн зарим нь хоригдлуудын дүрэмт хувцасны өнгөтэй ижилсүүлж хөх цагаан судалтай ороолт зүүсэн байлаа.


Канцлер Олаф Шольц Германы хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа, Германы олон иргэн Холокостын талаар бараг юу ч мэдэхгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа ярьжээ. Германы сургуулиудад Холокостыг хэрхэн заадаг талаар хяналт тавьдаг бөгөөд мужуудад хөтөлбөр нь ялгаатай байдаг байна. Өнгөрсөн бямба гарагт Америкийн тэрбумтан Илон Маск хэт барууны үзэлт “Германы төлөөх өөр сонголт” намаас зохион байгуулсан улс төрийн цуглаанд цахимаар оролцохдоо, Герман улс өнгөрсөн үеийн гэмт үйлдэлдээ” хэт их анхаарал хандуулж байна гэж хэлсний дараа О.Шольц дээрх үгийг хэлжээ.

 


相关新闻