ӨМНӨГОВЬ: Тамирчдыг бодлогоор дэмжсэнээр амжилтын тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-01-27 08:59:14

Даланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат улс бүсийн болон олон улсын чанартай тэмцээн уралдаанд амжилттай оролцсон тамирчид, багш дасгалжуулагчдыг 2025 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 

Тус уулзалтад 2025 он гарсаар БНСУ-д болсон олон улсын тэмцээн, өсвөрийн УАШТ-д мөнгө, хүрэл медаль хүртсэн сагсан бөмбөгийн “Ёлууд” клубийн тамирчид, өсвөр үеийн УАШТ-д 7 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн “Дайчин клуб”, жюү жицүгийн УАШТ тэмцээнд 6 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн “Говь пантера” клубийн тамирчид, жүдо бөхийн "Чойр опен-2025" тэмцээн, боксын насанд хүрэгчдийн УАШТ, пауэрлифтингийн залуучуудын УАШТ, дугуйн спортын виртуалын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн тамирчид, дасгалжуулагчид, ОХУ-д болсон хүүхдийн урлагийн наадам болон бүжгийн спортын өсвөр үеийн УАШТ-д оролцож алтан медаль хүртсэн “Гэрэлт ирээдүй” хамтлаг, Малайз Улсад зохиосон англи хэл дээрх математикийн олимпиадад оролцож 1 сурагч алтан медаль, тусгай байр эзэлсэн 6 сурагч, Холбоодын нэгдсэн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Өмнөговь аймгийн бүжгийн спортын Говь тэмүүлэл холбоо, "Шидэт бүжиг" клубийн тамирчид зэрэг 120 гаруй хүүхдийг урьсан байна. 

 

Өмнөговь аймаг спортын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, баг, тамирчдыг уралдаан тэмцээнд оролцоход нь санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ аймгийн ИТХ-аар спортод амжилт гаргасан баг тамирчид, дасгалжуулагчдыг урамшуулах журам батлан хэрэгжүүлж байгаа нь үр дүнгээ өгч, тамирчид спортын төрөл бүрд амжилт гаргаж, чансаа дээшилж, спортоор хичээллэх хүүхэд багачуудын тоо нэмэгдэж байгааг аймгийн Засаг дарга Н.Энхбат онцолж, цаашид хүүхэд багачуудын урлаг, спорт, авьяас билгийг үргэлж дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 

Мөн баг тамирчид, багш, дасгалжуулагчдад дархлаа дэмжих бүтээгдэхүүн бүхий гарын бэлгээ гардуулж, Говь дент шүдний төвд үнэ төлбөргүй  үзлэг, эмчилгээ хийлгэх эрхийн бичиг олгожээ.


相关新闻