“SAG Awards” наадмын хамгийн олон шагналд “Wicked” кино нэр дэвшжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-01-09 14:59:02

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 9 /AFP/. Мюзикл, уран зөгнөлт жанрын “Wicked” уран сайхны кино “Оскар”-т хүрэх түлхүүр гэгддэг “Screen Actors Guild Awards” наадмын /SAG Awards/ хамгийн олон шагналд нэр дэвшжээ. 


Тодруулбал, Бродвейн алдартай мюзиклээс сэдэвлэсэн “Wicked” кино “SAG Awards наадмын дээд шагнал болох “Шилдэг жүжигчдийн баг” болон шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй, эмэгтэй туслах дүр зэрэг таван номинацид нэр дэвшсэн байна.


Харин Америкийн дуучин Боб Диланы амьдралаас сэдэвлэсэн “A Complete Unknown” кино дөрвөн төрөлд өрсөлдөх бол өнгөрсөн ням гарагт болсон “Алтан бөмбөрцөг”-ийн гол ялагч “Emilia Perez” гурван шагналд нэр дэвшжээ. Эдгээр гурван кино өнгөрсөн жилийн Каннын кино наадмын дээд шагналыг хүртсэн “Anora” кинотой ширүүн өрсөлдөх төлөвтэй байна.


Түүнчлэн “Гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын төлөө “Wicked” киноны од Синтиа Эриво, “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн Деми Мур /The Substance/ нараас гадна Памела Андерсон /The Last Showgirl/, Карла Софиа Гаскон /Emilia Perez/, Майки Мэдисон /Anora/ нар өрсөлдөж байна.


SAG Awards” ёслолын үеэр мөн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг бөгөөд Японы түүхэн сэдэвт Shogun” драмын цуврал таван номинацид нэр дэвшсэн байна. Уг цуврал нь “Эмми”, “Алтан бөмбөрцөг” наадмуудын гол шагналуудыг хүртсэн билээ. “SAG Awards”-ын шагнал гардуулах ёслол ирэх хоёрдугаар сарын 23-нд Лос-Анжелес хотноо болно.

 

'

相关新闻