ЗАВХАН: 1000-аас дээш малтай өрхийн тоо нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-01-08 15:52:05

Улиастай, 2025 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймагт малтай өрхийн тоо 13958 болж өмнөх оноос 0.9 хувь буюу 123 өрхөөр нэмэгджээ.


Мал бүхий өрх гэж малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг ойлгоно. Малчин өрхөд жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа өрхийг хамруулна. Малтай өрх гэж мал бүхий өрх болон малчин өрхийг хэлнэ.


2023 оны жилийн эцэст аймгийн хэмжээнд 13.8 мянган малтай өрх тооллогод хамрагдаж, 2022 оноос 36 өрхөөр буюу 0.2 хувиар буурсан байсан. Харин 2024 оны жилийн эцэст 0.9 хувиар өссөн байна.


Малтай өрхүүдийг малын тоогоор нь бүлэглэж үзэхэд 2023 онд 50 хүртэлх малтай өрх 3283 байсан бол 2024 оны жилийн эцсийн тооллогоор 3574 болж нэмэгджээ. 51-200 хүртэлх малтай өрх 5411 болж 1.1 хувиар өссөн бол 201-500, 501-999 малтай өрх 245-аар цөөрсөн байна. 2023 онд 1000-аас дээш малтай өрх 262 байсан бол 2024 оны жилийн эцсийн тооллогоор 282 болж 7.6 хувь өссөн байна. Завхан аймгийн хэмжээнд урьдчилсан дүнгээр 16.4 мянган малчин байна.


Завхан аймгийн нийт малчны 58.3 хувь нь эрэгтэй, 41.7 хувийг эмэгтэй малчид эзэлж байна. 60-аас дээш настай 2027 малчин байгаа бол 35-59 насны 10987 малчин байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан малчдын 29 хувь нь 65-аас дээш настай, 25 хувь нь 35-44 настай малчин байна. Нийт малчны 50 хувь нь арилжааны банк болон бусад газраас зээл авсан бөгөөд 35-44 настай, 45-54 насны малчид байна. Зээлтэй малчдын 5 хувийг 65-аас дээш настай малчид эзэлж байна гэж Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв.

Нүүрний гэрэл зургийг: Н.Сүхбат

相关新闻