ОРХОН: Аймгийн хэмжээнд 11 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны нэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 40 мянган толгой малыг үзлэг ангилалтад хамруулахад бог малын 742 нь хээлтүүлэгч, 7858 цөм сүрэг, 28652 толгой мал үржлийн сүрэг, 3490 нь хэрэгцээний сүрэгт бүртгэгджээ.
Мах, ноосны чиглэлийн барга үүлдрийн хуц, эрчмийн хар үүлдрийн ухныг Баян-Өндөр, Жаргалант сумын 39 малчин өрхөд 90 толгой хээлтүүлэгчийг түрээсээр ашиглах гэрээ байгуулан ажилласан байна. Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэхээр Баян-Өндөр сумын Малчин багийн Цохионы өвөрт нэг худаг шинээр гаргаж, 12 өрхийн 1500 толгой мал усаар хангажээ.
Аймгийн хэмжээнд 393 иргэн, 11 аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүнсний ногоо болон үр тарианы тариалалт хийх иргэдийн тоо эрс нэмэгдсэн байна.
Улаанбуудайн үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 2 аж ахуйн нэгж, төмсний үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй 1 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, үр үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй "Бүтлийн-Ундарга" ХХК хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, 3000 тн үрийг стандартын дагуу хадгалах хүчин чадалтай бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах цогц байгууламжийг барьж ашиглалтад орууллаа.
Орон нутгийн төсвийн 3 400.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 500 тн-ын багтаамжтай зоорины барилгыг барьж ашиглалтад оруулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Шинэ хөдөө-Орхон” төслийн хүрээнд 6х10 м харьцаатай 100 хүлэмжийг тариаланчдад олгожээ.
Үүний үр дүнд 273 иргэн, 4 аж ахуйн нэгж 30.3 мянган.м.кв хүлэмжийн талбайд тариалалт эрхэлж, 332 тн ургац хураан авчээ.
Мөн Орхон аймагт хүнсний чиглэлээр 125 үйлдвэр, цех ажиллаж байгаа бөгөөд тэдгээрт нийт 1021 хүн ажиллаж байгаагийн 357 нь мэргэжлийн бол инженер, технологич, талх, нарийн боов, хими чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчний нөөц дутмаг энэ чиглэлийн 426 мэргэжилтэн шаардлагатай байна. Хоол үйлдвэрлэлийн чиглэлээр нийт 262 цэг, салбар үйл ажиллагаа явуулж, тэдгээрт 1452 ажилтан ажиллаж байгаагийн 508 нь мэргэжлийн бол шаардлагатай байгаа хоол зүйч, тогооч, бэйкери-нарийн боовны тогооч, үйлчлэгч, зөөгчийн тоо 485 байна.
2024 онд хиам, талх үйлдвэрлэлийн 2 аж ахуйн нэгж 900 сая төгрөг, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас нарийн боов, бялууны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 2 аж ахуйн нэгж 277 сая төгрөгийн зээл авч, бялууны төрлийн бүтээгдэхүүний 1 аж ахуйн нэгж шинээр нэмэгджээ.
Аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас “Хүнсний хувьсгал” хөтөлбөрийн хүрээнд цаг үеийн ажлууд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, өвс тэжээл олголт, нөөцийн махыг иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа тухай мэдээллээ.


